“ЭРХЭМСЭГ ОРШИХУЙГ ТЭТГЭХҮЙ” М.ЦЭГМИД

Хуваалцах
Жиргэх

🙋‍ Энэ хорвоод эх хүн, ээж хэмээн дуудуулахаар ирсэн бүх сайхан эмэгтэйчүүддээ гэгээн өглөөний мэндийг хүргэе.⏰07 : 00 AМ

✍ Эх хүн бол ямагт өөрийн хэлж буй үг, хийж буй үйлдлээрээ үр хүүхэддээ байнга үлгэрлэж байх ёстой хүмүүс. Хүнийг тээж төрүүлэх нэг өөр, хүний эцэг эх байна, хүнээр хүн хийх гэдэг амаргүй ажил. Хүнээр хүн хийх гайхалтай нарийн ухаан гагцхүү ээж хүнээс л илүүтэй гардаг. Саяхан цахим орчноос “ЭЦЭГ ЭХЧҮҮД ХҮҮХДЭЭ ӨСГӨХДӨӨ ЮУН ДЭЭР АЛДДАГ ВЭ?” гэсэн мэдээллийг уншаад түүний агуулга их чухал байсан тул та бүхэнд хүргэхээр зорилоо.
✍ Хүн бүр л хүүхэддээ сайн эцэг эх байж, зөв хүн болгож өсгөхийг хүсдэг. Эцэг эх байх нь асар их үүрэг хариуцлага бөгөөд хэн нэгний амьдралын үндэс суурийг тавьж өгч байгаа тул хэрхэвч үл тоож, хамаагүй хандаж болохгүй юм. Таны тавьсан анхаарал, хайр халамжаас хүүхэд тань хэн болж өсөх нь хамаардаг.
✍ Хүүхдээ хайрлах. Та хүүхдээ багаас нь хайр халамжаар дутаалгүй, тэдэнд анхаарлаа хандуулж байх хэрэгтэй төдийгүй амьдрал хайр, итгэл дээр тогтдог гэдгийг үг болон үйлдлээрээ харуулж байх хэрэгтэй.
✍ Магтаж урамшуулах. Ямар нэгэн зөв зүйтэй, бусдад тустай үйлдэл хийсэн тохиолдолд үргэлж хүүхдээ магтаж, урмын үгс хайрлаж байгаарай. Хүн урмаар тэтгэгдэж амьдардаг болохоор багахан амжилт байсан ч марталгүй сайшааж, бахархам нэгэн болж байгаа гэдгийг нь сануулж байх нь сайн эцэг эхийн шинж билээ.✍ Бусадтай бүү харьцуул. Хэн нэгэнтэй, ялангуяа нас ойролцоо хамаатны хүүхдүүдтэй нь хэзээ ч харьцуулж болохгүй. Эцэг эхчүүд өөрсдийн мэдэлгүй бусадтай хүүхдээ харьцуулж, зэмлэж яагаад тэдэн шиг мундаг байж чадахгүй байгаа юм хэмээн бухимдах нь бий.
✍ Хүүхдээ сонсох. Зөвхөн өөрийн үзэл бодлоо тулгах нь тэднийг өөрийн гэсэн бодолгүй, бусдын сүүдэрт нуугдсан хэн ч биш болгох гол үндэс суурь нь болдог аж. Иймд та аль болох хүүхэдтэйгээ чөлөөтэй ярилцаж, өөрийн бодлоо бусдад илэрхийлэх чадвартай болгох тал дээр анхаарлаа хандуулаарай.
✍ Хүүхэддээ цаг гарга Та хичнээн ажил ихтэй, завгүй байсан хэдий ч амьдралын утга учир болсон үр хүүхэддээ цаг зав гаргаж, анхаарлаа хандуулж байх ёстой. Хүүхэд хайр халамж, анхаарал нэхэж орчлонд ирдэг тул тэднийг хараа хяналтгүй орхиж, ганцаардахад хүргэж хэрхэвч болохгүй.
✍ Үүргийг нь ойлгуул. Хүүхдэд хариуцлага үүрүүлж, итгэл хүлээлгэх нь тэднийг биеэ даасан болж төлөвшихөд чухал үүрэг гүйцэтгэдэг. Зөвхөн эрхийг нь эдлүүлэх нь хүүхдийг бэлэнчлэх сэтгэлгээтэй, өөрийгөө л гэх хандлагатай болгож өөрчилдөг юм.
✍ Хувийн орон зайг нь хүндэтгэ. Хүүхдэд ч гэсэн хувийн орон зай хэрэгтэй байдаг тул хийж байгаа үйлдэл бүрийг нь зааж зааварлах гэсний хэрэггүй.Хааяа ч гэсэн ганцааранг нь үлдээж, хүслээр нь байлгаж байгаарай. Энэ нь та хүүхэддээ хичнээн их итгэдэг болохыг харуулж байгаа хэрэг юм.
✍ Эрүүл зөв амьдралын хэвшилд сурга. Та хүүхдээ багаас нь амьдралын зөв хэвшилд суралцуулснаар ирээдүйд бие эрхтэн төдийгүй сэтгэл санааны хувьд эрүүл чийрэг нэгэн болох аж. Гэхдээ хэт шаардах нь эсрэгээрээ тэднийг бухимдалтай болгож мэдэх тул шууд үзэл бодлоо тулгах бус өөрийн хүсэл сонирхолд нь нийцүүлэхийг хичээгээрэй.