Хуваалцах
Жиргэх

🙋‍ Эрхэмсэг эмэгтэйчүүдийнхээ гэгээн өглөөний мэндийг айлтгая хүргэе. ⏰07 : 00 AM

✍Энэ долоо хоногт бид монгол эмэгтэй хүний есөн эрдэм /өнгөнд цэвэр, үйлэнд уран, үрд энэрэлтэй, үргэлж цэмцгэр, ханьдаа түшигтэй, хадамдаа элэгтэй, найранд дуутай, настанд ерөөлтэй, нартанд буянтай/-ийн талаар хөөрөлдөж байгааг уншигч авхай нар маань анзаарч байгаа биз ээ.
✍Монгол эмэгтэйчүүд бусад орны бүсгүйчүүдтэй харьцуулахад үг яриа цэгцтэй, үнэн зөвийг эрхэмлэсэн, үзэсгэлэн төгөлдөр, ичиж эмээхээ сайтар ухаарсан, асран халамжлахдаа сайн зэрэг давуу талтай байдаг. Энэ нь эртнээс эмэгтэй хүн айл гэрийн өнгийг мэддэг гэдгийг ухамсарлаж, охидоо онцгойлон хүмүүжүүлдэг байсны шинж юм.
✍Монгол суу ухаанд монгол хүн болохуйн 9 эрдэм, эм хүн болохуйн 10 эрдэм, эх хүн болохуйн 6 эрдэмийг дээд түвшинд эзэмшсэн, амьдралаа гэгээрлээр засах дээд мэргэжилтэнг “гэргий”, амьдралаа засах дунд түвшний мэргэжилтэнг “эхнэр” харин доод түвшний буюу амьдралаа засч чадахгүй байгаа, биеэ засаагүй эмэгтэйг “авгай” гэдэг.
✍Гэрийн гэгээ, эрийн түшиг, үрийн энэрэл болж байгаа эмэгтэйг гэргий гэдэг. Гэргий хүн ганц гэр орноор хаягаарлагдахгүй ах дүү хамаатан, нутаг ус, сум орон нутгийнхаа ажил амьдралд оролцдог шийдэлцдэг, ухаанаараа, сэтгэлээрээ, хайраараа, халамжаараа гоёдог эмэгтэйг хэлдэг. Монголчууд охиноо айлд өгөхдөө эхнэр хүний ямар байвал зохих эрдмийг дэлгэрэнгүй зааж сургаж явуулдаг заншилтай.
✍Монгол эмэгтэй хүний 9 эрдэмд найранд дуутай, настанд түшигтэй, нартад буянтай явах эрдэм гэж байна. Эмэгтэй хүн бүр найр хуриманд оролцоход хоолойд зохисон аялгуу, орчинд зохицсон үгтэй дуу мэддэг, дуулдаг байх, мөн эвсэг яриа хөөрөөтэй, хүнд тусархүү, ах дүү садандаа элэгтэй, холын садныг ойртуулдаг, ахмад буурлаа түшиж халамж анхаарал тавьдаг, бусдыг хүндлэн үздэг зан бол монгол эмэгтэйн бие сэтгэлийн эрхэм дээд шинж мөнөөсөө мөн.
✍Мөн үр хүүхэд, хань ижлийнхээ ажил үйлс бүтэмжтэй байхын ерөөл талбиж, цай сүүнийхээ дээжийг тэнгэр, бурхандаа өргөж залбирах нь монгол эмэгтэй хүн, эх хүний айл гэрийнхээ буян заяа, хийморь лундааг сэргээж буй нэгэн үйл юм.
✍Монгол эмэгтэйчүүд цэвэрхэн, гоё хувцасладаг, биеэ зөв авч явдаг болсон. Гэвч бидэнд цэцэн ухаан, хатан тэвчээр, бат журам, ёс төгс, цэвэр ичимтгий, үрд энэрэлтэй, ханьдаа түшиг, хадамдаа элэгтэй, нартад буянтай, номонд баясангуй, эрдэмд шамдангуй гэх мэт олон сайхан эрдмүүд нэн ихээр дутагдаж байна.
✍Тиймээс бүсгүйчүүд бид өвөг дээдсийнхээ амьдралаараа туулж ирсэн аз жаргалтай төвшин сайхан амьдрахуйн ухаанд суралцаж, биеэ засаад гэрээ засч, эм хүний 9 эрдмийг эзэмшин гэргий ухаанаар гэр бүлээ залуурдан аз жаргалтай амьдрахыг хүсэе.