🙋 Өглөөний мэнд хүргэе
07 : 00 AM
“Эрхэмсэг оршихуйг тэтгэхүй” мэдлэг өртөөлөх аян маань шинэ долоо хоногтоо та бүхэнтэйгээ дэлхийн шилдэг эмэгтэйчүүдийн замнал түүхээс дээжлэн хүргээд энэ сараа өндөрлөх гэж байна.
Азийн шилдэг эмэгтэйчүүдийн тухай алмайран уншиж, шагшин биширсэн өдрүүд байлаа. Гэхдээ ХХ зууны Азийн тивийн анхны хүүхдийн төлөө сайн дурын байгууллага болох монголын “Хүүхдийн төлөө фонд”-ыг байгуулж, манай улсын хөгжил цэцэглэлт, хүүхэд, залуус, эмэгтэйчүүдийн оюуны дэвшил, соёлын урлагийн салбарын хөгжил, соён гэгээрлийн үйлийн төлөө өөрийн бүхий л ухамсарт амьдралаа зориулсан Анастасия Цэдэнбал-Филатова тэргүүн хадагтайн түүх шиг бахдам цадиг байсангүй.
1947 онд Монгол орныг зорин ирсэн залуу хадагтай Анастасия Цэдэнбал-Филатова Хүүхдийн төлөө фондыг байгуулж 1972-1984 оны хооронд манай улсын 18 аймаг болон Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудад хүүхдийн цэцэрлэг, ясли, сургууль, зуслан, хүүхэд залуусын парк, соёл, боловсрол, эрүүл мэндийн томоохон цогцолбор барилгуудыг сүндэрлүүлэн босгосон гавьяатай.
Тэрбээр нэгэн удаа ЗХУ-ын удирдагч Леонид Брежневийг ирэхэд буудлын өрөөг нь замчлан ороод эвтэйхэн яриа өдөн “Намайг дураараа загнаж, их эрх мэдэлтэй болсон зэргээр муу хэлж хов зөөгч олон болсон” гэхдээ би эр нөхрийнхөө төлөө удирдаж байгаа энэ улсыг нь улс шиг улс болгохын төлөө ЭМ БАРС шиг зүтгэх болно гээд за тэгээд та ямар бэлэгтэй ирэв хэмээжээ. Брежнев би бүхэл бүтэн хороолол барьж өгнө гэхэд, тэгээ гэхдээ та хоёр сайхан ордон бэлэглэ гэхэд ихэд инээж дараа нь хурал дээр би танай улсад дахиад бэлэгтэй ирсэн залуу техникчдийн ордон, хуримын ордон хоёр барьж өгнө гэсэн байдаг.
Анастасия өөрийн дуртгалдаа би хуруу хумсаа л будсан дэгжин, юу ч хийдэггүй гэргий байгаагүй ээ. Эр нөхрийнхөө ажилд нэмэр болж Монгол улсын нийгэм, эдийн засаг, соёл урлагийн салбар, хүүхэд эмэгтэйчүүдийн төлөө өөрийн чадах чинээгээр туслах ажлыг хийж байсан. Ер нь төрийн тэргүүний эхнэр бол гоё сайхан биеэ авч явахаас гадна үйл хэрэгт нь нэмэр болж байх хэрэгтэй. Нэмэр болж чадахгүй бол нөр их хүнд ажилд нь тээр бололгүй ар гэрийг нь санаа зовох юмгүй авч явах хэрэгтэй гэсэн байдаг.
Улс орныг, дэлхийг ч өөрчилсөн хүчирхэг эмэгтэйчүүдийн түүх маш олон. Элит гэр бүлээс гаралтай шилдэг манлайлагч эмэгтэйчүүд байхад, хүнд хэцүү амьдралаас хичээл зүтгэл, няцашгүй зориг, цуцашгүй зорилго, нугаршгүй хатуужлаараа түмэн саадыг даван туулж дэлхийг өөрчлөн нийгэм, улс төр, бизнесийн салбарт мандан гарч ирсэн гайхалтай түүх ч олон байдаг.
Гэхдээ Анастасия Цэдэнбал-Филатовагийн түүх үлгэрийн төгсгөл шиг эцэст нь жаргаж тэрбумтан, эрх дархтай болсон эмэгтэйн түүх биш юм. Магадгүй өөрийн амьдралыг Монгол улсын төлөө зориулсан шиг зориулж, хүчээ зарсан шиг зарсан насныхаа эцэст ямбыг нь эдлээгүй ил далдагнан долигнож, далд муулагч хүмүүсээс болж эцэст нь энэ их үйл хэргийнхээ гавьяаг үзээгүй ялтан мэт амьдрал нь төгссөн сэтгэл эмзэглэм түүх. Гэхдээ л тэрбээр дуртгалаа үлдээхдээ “Түүх гэдэг хамгийн үнэн хүчтэй зүйл шүү” хэмээн нэг л өдөр ойлгоно доо гэсэн байдалтай тэмдэглэн үлдээсэн байна.
Монголын төрийг 44 жил нэр төртэй удирдсан Юмжаагийн Цэдэнбал агсны гэргий Анастасия Цэдэнбал-Филатоваг 1999 онд том хүү нь өөд болж хүнд хэцүү амьдралыг туулж явааг мэдэн Монголын хүүхдийн байгууллагаас түүнд туслах хандив өрнүүлж төлөөлөл Москвад очсон байдаг. Тэр нь түүнд үзүүлсэн эхний бөгөөд эцсийн хүндэтгэл байлаа. Тэрбээр тэр үед ч монголын ирээдүй болсон хүүхэд залуусын төлөө гэсэн сэтгэлээ алдаагүй МОНГОЛЫН ХҮҮХДҮҮД БҮГД ЭР ЗОРИГТОЙ БААТРУУД БОЛОХ БОЛТУГАЙ хэмээнд бичин үлдээж байдаг.
Улс орон удирдан хөгжүүлэх үйлийг ухамсарынхаа төвд хүлээн авсан жинхэнэ төр нийгмийн зүтгэлтэн гэр бүлийн тод жишээ юм даа.