🙋 Гэгээн өглөөний мэндийг хүргэе
07 : 00 AM
Дэлхийн шилдэг эмэгтэйчүүд тэр дотроо Европын орнуудаас төрөн гарсан эмэгтэйчүүдийн түүхийг судлан суухад “Тааруухан загвартай даашинз өмсөөд яв. Хүмүүс чиний өмссөн даашинзыг л ажиглах болно. Харин сайхан хувцасла. Тэгвэл хүмүүс сайхан хувцасласан тэр эмэгтэйг л ажиглах болно” гэж хэлсэн XX зууны хамгийн анхны алдартай бизнес эмэгтэй, шилдэг загвар зохион бүтээгч Франц гаралтай Габриель Коко Шанелийн түүхийг хуваалцмаар, бахдам санагдлаа.
Анх сүрчиг, цүнх төдийхнөөр л төсөөлөгддөг байсан энэ хатагтайн тухай унших тусам бахархал төрж, өнгөрсөн зууны эхэн үед эмэгтэй хүний эрх чөлөө, бие даасан хараат бус байдлын төлөө үг, үйл бүрээ зориулсан шазруун, зоригтой эмэгтэйн дүр тодорно. Хувийн амьдрал нь ээдрээтэй, эмгэнэлтэй ч түүний жинхэнэ түүх нууцлаг үлдэж, хийсэн бүтээсэн нь л домог болон мөнхөрчээ.
XX зууны эхээр эмэгтэйчүүд бизнест хөл тавина гэдэг боломжгүй зүйл байсан бөгөөд тэр үед эрчүүд бүх зүйлийг гартаа атгаж, харин эмэгтэйчүүд зөвхөн хүүхдээ хараад гэртээ суун, гэр доторх бүхий л ажлыг зохицуулах ёстой байв. Тухайн үеийн бүсгүйчүүдийн гоёл газар шүргэм урт даашинз байсан бөгөөд олон эмэгтэйчүүд өөрсдийн нийгэмд эзлэх байр суурь болон өмсөж буй хувцсандаа сэтгэл хангалуун бус байдаг байсан ба тэдгээр бүсгүйчүүдийн нэг нь Шанель байсан юм.
Тэрээр эгэл жирийн айлд төрсөн бөгөөд багадаа хайрт аав, ээжээсээ хагацаж, оёдолчноор ажиллаж байгаад шөнийн клубт дуучнаар ажиллаж байхдаа Коко нэртэй болсон бөгөөд 27 насандаа буюу 1910 онд бизнесийн ямар ч мэдлэггүйгээр төрөлжсөн малгайны дэлгүүрийг Парис хотод нээсэн байна.
Мөнгөгүй хирнээ өөрийгөө дор үнэлэлгүй үргэлж амжилттай яваа хүмүүстэйгээ найзлахыг Коко ямагт боддог байсан бөгөөд анхны үйлчлүүлэгчид нь түүний чинээлэг, баян найзууд байж, түүний хийсэн энгийн хирнээ гоёмсог малгай тэдэнд таалагдаж, тэд худалдан авцгааж байв. Найзууд нь түүнд малгайтайгаа адил энгийн аятайхан загварын хувцас хийхийг санал болгож, Коко тэдний хүсэлтээр даашинзны цоо шинэ богино загвар гаргаж, амьсгалахад амар нэлэмгэр цамц, хүрмийг хийв. Мөн энэ үед хүйсийн тэгш эрхийг уриалж, дэлхий нийтэд эмэгтэй хүн ч эрчүүдийн адил өмд өмсөж болохыг ойлгуулсан Коко Шанель нь дэлхий дахины хувцасны загварт хувьсал авчирсан билээ.
Мөн тэрээр гоо сайхны бизнест хүчээ сорихоор шийдэж 1920-оод оны эхээр Францын хамгийн том сүрчигний үйлдвэрийн эзэн Пьер Вертаймер гэгч залуутай хамтран ажиллаж, тухайн үеийн цэцгийн үнэртэй сүрчигнээс өөр үнэртэй сүрчгийг үйлдвэрлэхээр зорьж, зорисондоо ч хүрсэн юм. Удалгүй шинэ төрлийн сүрчиг гарч, сүрчгээ Кокогийн нэрээр нэрлэж, шилэн дээр нь түүний дуртай дугаарыг бичиж, алдарт Шанел 5 сүрчиг худалдаанд гарсан юм.
Шанель №5 хожим Коког 65 настайд нь дэлхийн хамгийн баян эмэгтэйчүүдийн тоонд оруулсан бөгөөд өнөөг хүртэл борлуулалтаараа тэргүүлдэг сүрчгүүдийн нэгэнд ордог.
Коко 70 настайдаа дахин загварын ертөнцөд орж ирэхээр шийдэж, уйгагүй ажиллан шинэ шинэ загварыг гарган ирж байв. 1950-иад оны сүүлээр тэрээр дэлхий дахинд хамгийн шилдэгт тооцогдох загвар зохион бүтээгчдийн нэг болж, 1971 онд 87 насандаа өөд болох хүртлээ дэлхийн шилдэг эмэгтэйчүүдийн хувцсыг зохион бүтээсээр байсан нь нас бол зөвхөн тоо гэдгийг баталсан нэг жишээ юм.
Ямар ч хэтрүүлэг, гоёл чимэггүй энэ түүх эдүгээ эмэгтэй хүний тансаг хэрэглээ, гоо сайхан, эрхэмсэг төрх, хараат бус байдал, өмнөө тавьсан зорилготой, соёлтой боловсон, дэгжин бүгдийн тодорхойлолт болсон эрхэмсэг оршихуйг илтгэнэ.