🙋 Өврийн сайхан хангайнхаа үзэсгэлэнт бүсгүйчүүддээ өглөөний мэнд хүргэе.
07 : 00 AM
“Эрхэмсэг оршихуйг тэтгэхүй” мэдлэг өртөөлөх аян маань энэхүү долоо хоногт та бүхэнтэйгээ дэлхийн шилдэг эмэгтэйчүүдийн түүхээс дээжлэн хүргэж байгаа бөгөөд энэ удаа уншигч та бүхэндээ Африк-Америк гаралтай бүсгүй болох Мишель Робинсоны амьдралаас хүргэхээр бэлдлээ.
Тэрээр 8 жилийн турш АНУ-ын тэргүүн хатагтай байхдаа нөхрийнхөө гол тулгуур болж, тусалж дэмжиж байсны зэрэгцээ өөрийн хувь шинжийг хадгалан хүчирхэг дүр байж, нөхрөөсөө дутуугүй алдартай байж чадсан билээ.
АНУ-ын тэргүүн хатагтай асан Мишель Робинсон нь АНУ-ын Иллинойс мужийн Чикаго хотноо 1964 оны нэгдүгээр сарын 17-нд мэндэлжээ. Мишель аав, ээж, ахын хамт ядруухан нийтийн орон сууцанд бага насаа өнгөрөөж, жирийн нэгэн америк гэр бүлд төрсөн ба ах Крейгтэйгээ их дотно байсан гэдэг. Тэд цэцэрлэгт байхаасаа хамтдаа хичээл давтсаар сургуульд орохоосоо өмнө уншиж, бичиж сурсан ба үүнийхээ ачаар хоёр ч удаа анги алгасан сурчээ.
Мишель сурлага, олон нийтийн ажлаараа үргэлж хамт олноо манлайлдаг, идэвхтэй хүүхэд байсан ба ахлах сургуульдаа Хүндэт сурагч болж, төгсөлтийн баяртаа үг хэлж байв. Сурлага сайтай учир 1981 онд Принстоны социологийн ангид тэтгэлэгтэй элсэн суралцсан бөгөөд оюутан байхдаа ч нийгмийн идэвхтэй байжээ. Тэрээр “Хар арьстнуудын нэгдсэн байгууллага”, “Африк-Америк оюутнуудын бүлгэм” зэрэгт ажиллаж байв. Ингээд 1985 онд их сургуулиа социологичоор онц дүнтэй төгссөн Мишель цааш үргэлжлүүлэн Харвардын Хуулийн Их Сургуульд 1988 онд хуулийн чиглэлээр докторын зэрэг хамгаалав. 1989 онд Мишель худалдааны болон оюуны өмчийн хуулийн пүүс “Sidley Austin”-ы Чикаго дахь салбарт ажиллах болсон ба тэнд ирээдүйн Ерөнхийлөгч залуу Барактай танилцсан аж. Барак Обама тус пүүст шинээр ажиллахаар ирсэн ба Мишель түүний зөвлөхөөр ажиллаж байжээ.
Барак түүнийг хэд хэдэн удаа болзоонд урьсан боловч Мишель ажил хэргээ хувийн амьдралтай холбохгүй хэмээн татгалзаж байсан ч ирээдүйн Ерөнхийлөгчийн уйгагүй байдал түүнийг бодлоо өөрчлөхөд хүргэсэн гэдэг. Хосууд хоёр жил болзсоны эцэст 1992 онд хуримаа хийж, 1998 онд Анна, 2001 онд Наташа охиноо өлгийдөн авчээ.
Түүний карьер үргэлжийн өсөлттэй явсан бөгөөд зарим судлаачид түүнийг Баракаас ч илүү амбиц, ажиллах хүсэлтэй хэмээн тодорхойлсон байдаг. 2008 оны сонгуулийн үр дүн нааштай гарсан учрыг “ухаалаг үгтэй, өндөр боловсролтой, хариуцлагатай албан тушаал хашдаг үзэсгэлэнт эхнэрийн ач” хэмээн тодорхойлох хүмүүс олон байдаг бөгөөд Барак Обама Ерөнхийлөгчөөр сонгогдсон дариудаа эхнэртээ талархлаа илэрхийлж “Мишель байгаагүй бол энэ бүхэн хэзээ ч биеллээ олохгүй байсан” хэмээн өгүүлж байв.
Хуульч, тэргүүн хатагтайгаас гадна тэрээр шаггүй сайн зохиолч, уран илтгэгч бөгөөд эмэгтэйчүүдэд итгэл, зорилго, тэмүүлэлтэй байхыг зөвлөсөн олон ном бичиж, илтгэл тавьж байв.
Одоогоор тэрээр нөхрийнхөө хамтаар 2014 онд байгуулсан “Obama Foundation” хүмүүнлэгийн сангийнхаа ажилд төвлөрөн ажиллаж байгаа бөгөөд Африк тивийн хэд хэдэн орны хүүхдүүдийн сурах боломж, нөхцөлийг дээшлүүлэх төсөл дээр ажиллаж байгаа бөгөөд Чикаго Их сургуульд тэтгэлэгт хөтөлбөр зэрэг боловсролын асуудалд анхаарал хандуулан ажиллаж байгаа юм.
Тэрээр Форбес сэтгүүлээс гаргадаг дэлхийн хамгийн нөлөө бүхий эмэгтэйчүүдийн жагсаалтад 2009 оноос хойш багтаж байгаа бөгөөд 2010 онд тэргүүлж байв. Түүнээс өөрөө төдийгүй нөхрөө амжилтад хүргэж чадсан нууцаас нь асуухад “Миний хамгийн том зэвсэг боловсрол мэдлэг л байсан” хэмээн хариулж байв.
Юу ч болж байсан сургуульд явах хэрэгтэй. Мэргэжил, зэрэгтэй болох хэрэгтэй. Мэдлэг бол энэ дэлхий дээр чамаас хэн ч булааж чадахгүй цор ганц зүйл юм.
Хүчтэй эр хүн эмэгтэй хүнээс илүү гарч байгаадаа баярлаж, бардамнадаггүй.
Хэн нэгний хувьд онцгой, чухал хүн болох гэж хичээхийн оронд өөртөө, өөрийгөө тийм гэж итгүүл.
Миний бодлоор ухаалаг байна гэдэг энэ дэлхий дээр байж болох хамгийн догь зүйл.
Хойч үе биднийг нүд салгалгүй ажиж байна. Бидний юу хийх, ямар хувцас өмсөх, ямар үг хэлэх…
Ямар ч хөөрхөн хөвгүүн чамайг боловсрол мэдлэг олж авахад саад болох ёсгүй. Хэрвээ би чиний насан дээр бусдад ямар харагдаж байгаа бол гэдэгт санаа зовдог байсан бол АНУ-ын Ерөнхийлөгчийн эхнэр болохгүй байсан юм гэжээ.
“Bicoming буюу” Миний түүх” номоос……