Өглөөний мэнд ![]()
![]()
: ![]()
AM
“Арга билгийг тэгшитгэхүй” аяны энэ 7 хоногийн мэдээлэлд эр хүний мөн чанар, зан төлөв, эрдэм чадлыг онцолж САЙН ХАНЬ, САЙН ЭЦЭГ байх тухай бичигдсэн бөгөөд өнөөдөр миний бие эр хүний нэн эрхэмлэвэл зохих САЙН АНД байх тухайх бодлоор үргэлжлүүлж байна.
Монголчууд эрт үеэс анд бололцох ёс үйлдэж, андгай тангараг тавилцаж, журамт анд, итгэлт анд, үнэнч анд хэмээн андын нөхөрлөлийг хүн хоорондын харилцаандаа ёс төртэйгөөр эрхэмлэж ирсэн уламжлал, соёлтой ард түмэн.
Энэхүү уламжлалт соёлын талаар түүхийн эх сурвалжаас сөхвөл Чингис хаан нэгэнтээ ” … Булган өлгийд төрсөн буянт нөхөр, хамт төрөөд хань болж өссөн хайрт нөхөр Зэлмэ минь . . . Уриалах дуунд минь уухайгаа нэмж, урагшлан зүтгэхэд минь тэнхээ нэмсэн Борохул минь . . . Зөв явдлыг минь зөвшөөрөн тэтгэж буруу явдлыг минь буцаан зогсоож энэ их сууринд хүргэсэн Боорчи минь . . . есөн удаа осол гаргавч яллахгүй” хэмээн анд нөхдийнхөө ач тусыг өндөр дээдээр үнэлэн зарлиг буулгаж байж.
Эндээс бид эр хүний САЙН АНД байх бүхий л шинжийг олж харж болохоор байна. Тодруулбал дээрх ишлэлийг зориуд дурьдсаны учир нь эр хүн Та САЙН АНД байхын тулд журамт андынхаа ухаанд нь тэнхээ нэмдэг, сэтгэлд нь урам зориг өгдөг, бодолд нь хүч нэмдэг, шударга үнэн үйлийг нь дэмжин сайшааж, буруу бусармаг үйлийг нь зэмлэн буруутгаж, нэг л зангаараа байж, итгэлийг нь дааж чадваас андын нөхөрлөл гүн бат байх болов уу гэж бодогдсон юм.
Эрчүүдийн андын нөхөрлөл хэдий чинээ гүн бат байна тэр хэмжээгээр эргэн тойронд минь худал хуурмаг сарниж, эв эе, сахилга дэг журам тогтож, сайн сайхан үйл бүхэн цэцэглэн дэлгэрэх санагдана. Иймийн тулд эмэгтэйчүүд бид эрчүүд Та бүхэндээ САЙН АНД байхыг үргэлжид санаж, бодож байгаасай хэмээж энэ тухай зориуд онцолсон юм.
Үнэнч сайхан нөхөрлөлийн цаана хүндлэл, итгэл хэмээх асар том эрхэмлэл оршиж байдаг. Хүндлэл, итгэл хэмээгч нь хүний мөс, жудаг гэдэг ойлголтоор ухаанд минь бууж байна. САЙН АНД байхын тулд хүн хүнээрээ байж, хүний мөстэй, жудагтай байх нь эрхэм гэж бодогдож байна.
Эрхэм уншигч Та ч бас өөрийн бодлоо хуваалцаарай. Баярлалаа ТАНД. Та, бид бүгд СОЁЛЫГ ТҮГЭЭГЧИД билээ.
АЙМГИЙН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЗӨВЛӨЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧ ГОМБЫН ОЮУНБИЛЭГ