Аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн “Соёлыг түгээе” аянд эр хүний хийморь сүлдтэй холбоотой багахан мэдлэг нэмэрлэе. Монголчууд эр хүний хийморь сүлдийг малгай бүсэнд оршдог гэдэг. Иймд эр хүний малгай бүсийг ямагт дээш тавих ба дээгүүр нь харайх, газар тавихыг цээрэлдэг байсан. Дээр үед хүний сүнсийг дуудахдаа бүсийг жинлүүр дээр тавьж дэнслэн хэмждэг бөгөөд бүсний жин нэмэгдвэл сүнс ирлээ гэж үздэг байсан гэдэг. Ийм ч учраас эр хүн бүсээ хурган чих гаргаж, очир зангилж зангидан дэрэлж унтдаг заншилтай байж. Дээл хувцасны заханд ч бас хийморь сүлд оршдог гэдэг тул дээлний захыг урагш буюу түрүүлгээ харуулж хаядаггүй.
Хүний биенд өчнөөн олон янзын хий агаар гүйж байдаг ба тэрхүү агаар чөлөөтэй саадгүй байх тусам хүний энерги бүх биеэр нь хурдан гүйж, цусны эргэлт нь сайжирч, аура гэрлэн бие нь тод болж байдаг. Хэрэв хий удаашраад ирвэл хүний цусны эргэлт бага болж, усанд орсон байхад ч тоос дарсан юм шиг харагддаг. Энэ нь хийморь сүлд доройтож буйн шинж юм.
Монголчуудын хийморь сэргээх нийтлэг зан үйл бол уул овоон дээрээ гарч, алсын бараа харж, тэнүүн сайхан амьсгалж бодлоо цэгцэлж, сайн сайхныг бодож, ерөөл өргөдөг. Энэхүү зан үйлийг хийхдээ цэнгэг сайхан агаараар уушгиа тэлтэл амьсгалж, бүх эд эсээ сэргэж байгааг мэдэрч, тэнгэр өөд харж, нар өөд ширтэж, үүлсийн нүүдлийг харж, шувуу шиг дүүлж байна гэж төсөөлөн, өнгөрсний харуусал, ирээдүйн горьдолгоо түр орхих хэрэгтэй.
Хийморийг сэргээх олон янзын арга байдаг. Эр хүн адуугаа хариулж явахдаа хэд сайхан гуруйлдан гуугалхад эр зориг нь бадарч хийморь сэргэдэг гэдэг тул чанга дуугаар сайхан дуулахад, сэтгэл санааа нийлсэн сайхан нөхөдтэйгөө хууч хөөрөхөд хүртэл хийморь сэргэдэг гэдэг.
![]()