“АРГА БИЛГИЙГ ТЭГШИТГЭХҮЙ” Б.АНХТУЯА

Хуваалцах
Жиргэх

😀 Өглөөний мэнд 🕖0️⃣7️⃣0️⃣0️⃣ AM

✍️ Эрт цагаас Монголчууд эр хүний, эмэгтэй хүний баримтлах 5 журмын тухай цэцлэн ярьж, амьдрал ахуйдаа мөрдөж, үр хойчдоо өвлүүлэн үлдээхийг эрхэмлэн иржээ. Тодруулбал эрэгтэй хүн аливаад алсын хараатай байх ёстой бол эмэгтэй хүн мэргэн хараатай, эрэгтэй хүн холч ухаантай, өршөөнгүй сэтгэлтэй байх ёстой бол эмэгтэй хүн цэцэн ухаантай, энэрэнгүй сэтгэлтэй байх ёстой хэмээн сургаж байж. Эндээс л бид арга билгийн ухаанд суралцах мэт санагдсан тул эрэгтэй, эмэгтэй хүнд байх 5 журмыг тус тусад нь онцлон энэ 7 хоногт ярилцахаар бэлтгэлээ.

✍️ Өнөөдөр миний бие эр хүн “АЛСЫН ХАРАА”- тай, эмэгтэй хүн “МЭРГЭН ХАРАА” -тай байх гэдгийг юу гэж ойлгох тухай уншиж судалсан ном товхимолоосоо иш татан, бодлоо баяжуулж Та бүхэнтэйгээ хуваалцая.

✍️ Алсын хараа гэдгийг монгол ухаанд холын бодол, уужуу ухаан, цөлх талбиу зан, мэлмий хурц байх хэмээдэг аж. Харин мэргэн хараа гэдэг нь зөв бурууг тунгаах, хэрэг явдлыг оновчтой шийдвэрлэх ухаан аж. Иймд алсын хараа, мэргэн ухаан хоёр хоршин сүлэлдэж байж амьдрал зөв төгс байна хэмээн ухаант ард түмэн маань сургажээ.

✍️ Монголчууд хэзээнээс “Босго давж сэтгэж бай”, “Муу нохой гэрийн босгонд, Сайн нохой алсын хөтөлд”, “Алсыг харвал аминд тустай, Холыг бодвол хожим тустай” хэмээн захиж сургаж байсан нь холын бодлыг тунгаах уужуу ухаантай, аливаад бардамнан, омгорхох биш цөлх талбиун байж, ойр зуурын явдлаар биш алсын мөрөөр бодож, зөв бурууг тунгаан бодохгы сануулж алсын хараатай, мэргэн ухаантай байхад сургаж байжээ.

✍️ Иймийн тулд айл гэрийн өрхийн тэргүүн, гэрийн эзэн ЭР ХҮН алсын хараатай, гэгээрлийн эзэн ЭХНЭР хүн нь мэргэн хараатай байх нь бүхнээс чухал эрдэм хэмээн бид онцолж байгаа юм. Тэргүүн, эзэн гэдэг үг нь хүртэл маш гүн хүндэтгэл, бас хариуцлагыг агуулж байдгийг ЭР ХҮН бүр тунгаан бодох ёстой болов уу. Өрх гэрээ өөдтэй, өнгөтэй авч явахын тухайд эр хүн Та алсыг харагч нь, эмэгтэй хүн Та мэргэн хөтөч нь байх нь ээ. Энд л арга билгийн ухаан оршин байна.

✍️ Монгол хүнийг ялгаж сэтгэдэггүй, ухаарч сэтгэдэг, сэтгэлгээ нь гүн агуулгатай, нарийн мэдрэмжтэй гэдэг. Үүнийг санаж эхнэр, нөхрүүд ойр зуурхны тулга тойрсон, хаяа хадарсан бодлоо орхиж өрх гэрээ түвшин амгалан, үр хүүхдүүдээ сайн сайхан байлгахын тулд аливаад ул суурьтай хандаж, асуудлыг өнгөн талаас нь биш, учир шалтгааныг нь олохыг илүүд үзэж, өрөөл бусдаас дутагдал хайх биш, өөрөөсөө хайж, биесээ сонсож, хүндэлж, зөрүү ташаа бодлуудаа цэгцэлж, оюун дүгнэлт хийдэг байх зэрэг чадварт суралцах нь алсын хараа, мэргэн ухааны тань хөтөч нь байх болов уу хэмээн уншсан зүйлсээ эргэцүүлэн өөрийн бодлоор тунгаан мэдээлэлдээ цэг тавья.

✍️ Эрхэм уншигч Та ч бас “СОЁЛЫГ ТҮГЭЭГЧ” тул бодлоо хуваалцаарай.