Өглөөний мэнд ![]()
![]()
: ![]()
AM
Өнөөдөр би Та бүхэнтэйгээ эр хүний “ХОЛЧ УХААН”, эмэгтэй хүний “ЦЭЦЭН УХААН”-ы талаар бодлоо хуваалцахаар бэлтгэлээ. Монголчууд эртнээс эрэгтэй хүнд байх алсын хараа, холч ухааныг тус тусад нь онцолж эрхэмлэвэл зохих 5 эрдэмд багтаасан байгаа тул алсын хараа, холч ухаан хоёрыг ялган салгаж ойлгохыг хичээлээ. Эрхэм Та ч бас “СОЁЛЫГ ТҮГЭЭГЧ” тул энэ талаар өөрийн бодлоо хуваалцаарай.
Өчигдөрийн мэдээлэлд алсын хараатай байх гэдэг нь холын бодолтой, уужуу ухаантай, цөлх талбиу зантай, мэлмий хурц байхыг хэлнэ гэснийг Та тунгаасан байх. Тэгвэл холч ухаантай хүн гэдэг нь аливаад сүйхээ самбаатай , учиг зүйг нь хурдан түргэн олдог , асуудлыг өнгөн талаас нь биш гүн гүнзгийгээр олж хардаг, үр дагаварыг нь эрэгцүүлэн төсөөлдөг, оновчтой мэргэн арга эрэлхийлдэг, гүйлгээ ухаантай нэгнийг хэлдэг байсан болов уу хэмээн бодогдлоо. Учир нь Монголчуудын үр хойчдоо захиж сургамжилж байсан “Ухаан нь ууцандаа, санаа нь сүүжиндээ” , ” Ухаантай хүний жолоо урт, Ухаангүй хүний хараа ойр “, “Уймар хүн ухвар мөчид” хэмээх хэлц үгсүүдэд дээрх холч ухааны тайлал байгаа мэт санагдсан юм. Нөгөө талаас алсын хараа, холын ухаан хэмээх хоёр эрдмийг үг зүйн талаас нь ухаж ойлговол тунгаан бодох, сэтгэх чадвар гэсэн агуулгууд бас байгаа мэт санагдлаа. Та юу гэж бодож байна вэ?
Миний хэлэх гэсэн дараагийн санаа бол эр хүний холч ухаан, эмэгтэй хүний цэцэн ухаантай хоршиж байж амьдралын аливаа асуудал төгс шийдэлд хүрнэ гэсэн санаа юм.
Бид хүүхэд байхаас л “ЦЭЦЭН БЭРИЙН ҮЛГЭР”-ийг сонсож өссөн. Эргээд бодоход энэхүү үлгэрт гардаг бэрийн үг нь мэргэн, ончтой, далд утгаар давхар санааг илэрхийлсэн байдаг нь эмэгтэй хүнд байх сэргэлэн цовоо, аданга зан, нарийн арга ухааныг дөвийлгөн үлгэр туульсаар дамжуулан охид, бүсгүйчүүдэд эмэгтэй хүний цэцэн ухаан эр нөхрөө, улс үндэстнээ ч авардаг юм гэдгийг ойлгуулан таниулж байж гэж бодохоор.
Энэ мэт зүйлсийг бодож ерөөс арга билгийн ухаанд эрэгтэй хүний холч ухаан, эмэгтэй хүний цэцэн ухаан заавал байх ёстой гэдгийг бид санаж, бодууштай төдийгүй түүнд суралцахын тулд хичээх хэрэгтэй болов уу.
Монголчуудын бас нэгэн хэлц үг байдаг. “Эр хүний дотор эмээлтэй хазаартай морь багтдаг” гэж. Энэхүү хэлц мөн л эр хүний холч ухааныг дөвийлгөсөн мэт. Харин орчин цагт зарим нэг нь ёжлон ” Эмэгтэй хүний дотор эмээлтэй хазаартай морь эзэнтэйгээ багтдаг” хэмээсэн нь эмэгтэй хүний мэдрэмж, ухааны ур энэ амьдралд заавал хэрэгтэйг сануулжээ гэмээр. Энэ мэт бид аливааг олон талаас нь эрэгцүүлэн бодож арга билгийг хослуулан амьдралаа тэгшитгэхэд алхам тутамдаа суралцсаар л . . . миний хувьд суралцахыг хичээсээр л . . .
![]()