Өглөөний мэнд ![]()
![]()
: ![]()
AM
Өнөөөдөр миний бие эрэгтэй хүний эрхэмлэх журмын нэг болох эв найр, эмэгтэй хүний эрхэмлэх эв эеийн тухай өөрийн бодлоо хуваалцана. Монголчууд эртнээс эрэгтэй хүн эв найрыг, эмэгтэй хүн эв эеийг эрхэмлэх ёстойг сургамжилж байсан ба өнгөц харахад эв найр, эв эе гэдэг адил утгатай юм шиг санагдавч эв найр гэдэг нь үг зүйн утга агуулга талаас нь харахад алив хэргийг гүйцэлдүүлэхдээ хүчлэн зүтгэхэс илүүтэй найр тавих, алсын үрийг бодож буулт хийх, төв шударга, эв нийцийг бодох нь өнийн ач тустай байхыг хэлдэг байна.
Энэхүү шинжийг эрэгтэй хүний эрхэмлэх алсын хараа, холч ухаан, өршөөнгүй сэтгэлээр ханддаг ёс журамтай нь уялдуулан бодвол Монголчууд үнэхээрийн аугаа ухаант ард түмэн юм гэж бодогдлоо.
Харин эмэгтэй хүний эв эетэй байх гэдэг нь аливааг зөөллөн эвээр зохицуулах, элэгсэг дотно харилцааг ямагт эрхэмлэх, эр хүний хатуу, ширүүн занг аргадан засах, сөрөг зөрүү санааг эерүүлэн тэгшитгэх зэрэг эв ганг тааруулах төрөлхийн уян зөөлөн, элгэмсэг зан төлөвийг нь хэлсэн санагдав.
Иймд эрэгтэй хүний эв найр, эмэгтэй хүний эв эеийн хүчээр хүний амьдралын алс хэтийн болон амин зуурын алив асуудал өөр хоорондоо нийцэн таарч, эерэг сайханаар шийдэгдэх ёстойг сануулж энэхүү ёс журмыг сахин мөрдөхийг сургажээ гэж бодогдлоо.
Өнгөрсөн 7 хоногт би эр хүний сайн анд байх тухай бичихдээ эрчүүдийн андын нөхөрлөл хэдий чинээ гүн бат байна тэр хэмжээгээр эргэн тойронд минь худал хуурмаг сарниж, эв эе, сахилга дэг журам тогтож, сайн сайхан үйл бүхэн цэцэглэн дэлгэрэх учиртайг хөндөж хүний мөстэй, жудагтай байх нь сайн андуудын үнэ цэнэ гэж онцолсон байна. Эргээд харахад яахын аргагүй энэхүү эв найр гэдэг эрхэм чанарын уг үндсэнд дээрх санаанууд бүгд агуулагдаж байгаа санагдлаа.