Өглөөний мэнд ![]()
![]()
: ![]()
AM
Бид энэ 7 хоногт эрэгтэй, эмэгтэй хүний эрхэмлэн явах “Алсын хараа – Мэргэн хараа, Холч ухаан – Цэцэн ухаан, Өршөөнгүй сэтгэл – Энэрэнгүй сэтгэл, Эрхэм ёс – Эрхэм ёс” хэмээх эрт үеэс мөрдөж ирсэн 5 ёсыг онцолж, эдгээр эрхэм чанарууд өөр хоорондоо зохилдож, таацан нийцэж байж амьдралын хүрд зогсолтгүй эргэх учиртайг тунгаан ярилцаж байгаа билээ.
Өнөөдөр миний бие “Эрхэм ёс” хэмээх эр, эм хүйстэнд хоёуланд байх ёс журмын тухай бодлоо хуваалцахаар бэлтгэлээ.
Монголчууд “Ёс ёмбогор, төр төмбөгөр”, ” Ёсоо зөрчвөл гэмд унана, гэмд унавал гэсгээлт үзнэ ” хэмээн аливаа тогтсон ёс журмыг сахин дагах нь хамгаас эрхэм бөгөөд сахин дагаагүйгээс буруудвал гэм зэм хүртэхийг үг сургааль, үйл хэргээрээ үлгэрлэн сургаж иржээ.
Тэгвэл бид гэм зэмд унахгүйн тулд эр, эмгүй “ЭРХЭМ ЁС”-ыг баримтлах нь ээ. Би бодохдоо, “ЭРХЭМ ЁСТ” хүн гэдэг нь өвөг дээдсийнхээ зан заншил, үнэт зүйл, өөрийн амьдралдаа эрхэмлэн бүтээсэн дэг суртал, ёс жаягаа дээдэлж, хүндэтгэн дагаж, үр хойчдоо үлгэрлэн өвлүүлэхийг эрмэлзэхийн хамт зөвд зөөлөн, бурууд хатуу, цэгц шударга, чиг үнэнч, эцэг эх, элгэн садандаа сэтгэлийн дэмтэй, хань ижилдээ хайрын нөмөртэй, анд нөхөддөө бат итгэлт өмөг түшигтэй, үрс хойчдоо ухааны нөөлөгтэй хүнийг хэлэх болов уу.
Ийн эрэгцүүлэхдээ ерөөс, “ЭРХЭМ ЁС” гэдэг нь хүний мөн чанарын оршихуйн гүнд мөнхөд бадамлан байдаг хүний мөс, ёс зүй, жудаг, эв эе хэмээх үнэт зүйлсийн цогц юм гэж дүгнэж бодлоо.
Харин энэ бүхний эцэст “АРАНШИНГАА АНЗААРАХУЙ” хэмээн хувь хүний мөн чанарын оршихуйг тэмтрэн эхэлсэн төсөл маань яв явсаар “АРАНШИНГАА АНЗААРАХУЙ” дээрээ ирээд өндөрлөж байгаа нь үнэхээр гайхалтай юм.
Учир нь бид “АРАНШИНГАА АНЗААРАХУЙ”-н тухай хүүрнэхдээ “…Хүний мөн чанар нь сэтгэлийн боловсрол, биеэр үлгэрлэхийн утга учир, бие сэтгэлийн нандин сурвалж, учиг юм. … Сэтгэл дотор орших хуулийг мөн чанар гэдэг тул мөн чанар бол миний хууль юм. Сэтгэл доторх хуулиа цаг үе, нийгмийн хөгжилдөө нийцүүлэн эерэгээр өөрчилж, түүнийгээ сахин мөрдөж чадвал хүн чанартай, хүний мөстэй, ёс зүйтэй, ухамсартай, жудагтай нэгэн болох юм. . . . Бид өөрийн араншинг анзаарч, дотор сэтгэлээ цэгцэлж, мууг тэвчин залруулж, сайнд шамдан тэмүүлж үр хойчдоо ухааны зангарагтай “МОНГОЛ ХҮН”-ий толь болох хэрэгтэй юм. . . ” хэмээн бичиж байжээ.
“СОЁЛ ТҮГЭЭГЧ”-дийн маань энэ бүх ишлэлүүд “АРГА БИЛГИЙГ ТЭГШИТГЭХ” ухааны учиг байж. Ийм утгын холбоос, шүтэн барилдлагаар бүтэн тойрог үүсгэн төслийн маань мэдлэг түгээх аян өндөрлөж байгаад туйлаас талархалтай байна.
Хоёр зуун хорин тав хоног үргэлжилсэн эерэг бүхнийг түгээхийг хичээж ажиллалаа. Баярлалаа. Та бүхэндээ.
Та, бид бүгд “СОЁЛЫГ ТҮГЭЭГЧИД” билээ.
ХҮНДЭТГЭСЭН:
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЗӨВЛӨЛИЙН ДАРГА СОДНОМДОРЖИЙН УНДРАХ