ЭРЧҮҮДЭД ИЛГЭЭХ ЗАХИДАЛ

Хуваалцах
Жиргэх

✍️ Монголчууд эрт үеэс эр хүнийг оюуны болоод сэтгэлийн чадамжтай, алсын хараа, холч ухаантай, өршөөнгүй сэтгэлтэй, эв найртай, эрхэм ёслол төгс чадваруудыг биедээ оршоосон хойморт дээдлэх хүндлэл хэмээн хүндэлж, цайныхаа дээжийг ханьдаа барьж, малгай бүсийг нь дээш залж, хийморь золбоог нь ёс төгөлдөр бадрааж ирсэн ард түмэн.

✍️ Энэ бүх хүндлэл, ёс жаягийн гүнд эр хүний хайр халамж, өмөг түшиг, нөмөр нөөлөг хэмээх асар их оюуны болоод сэтгэлийн бяд оршин байдаг. Энэ бяд амьдралд өнгө нэмж, бүсгүйчүүд бидэнд илч болж, ухаарал бэлэглэдэг.

✍️ Иймийн тулд ЭРЧҮҮД минь хайр халамж, уян дулаан сэтгэл, ууч зан, төвшин араншинг өөрт төлөвшүүлж, ЯВДАЛ мөр, ҮЙЛ хэрэг, АРАНШИН зан төлөвөө зөвд залж, өнгөлөн тордож гэмээ нь хайртай хань нь, энхрий бяцхан үрс нь сэтгэл амгалан байж, өргөө гэр нь түвшин сайхан байж, амьдрал аяндаа арга билгийнхээ ухаанд хөтлөгдөн өнгөлөн дэвжих учиртай санагдана.

✍️ Монголчууд эртнээс “ЭЦЭГ уул нурдаггүй, ЭХИЙН сүү ээддэггүй” хэмээн сургаж ирсэн. Энэ ч утгаараа ААВЫН ачийг бахдаж, ЭЭЖИЙН ивээлийг эрхэмлэж, ААВЫН аргын ухаан, ЭЭЖИЙН бэлгийн ухааныг дээдэлж ирсэн ухаант ард түмэн. Энэ бол Монгол гэр бүлийн ДАРХЛАА.

✍️ Гэтэл зарим ААВУУДЫН аргын ухаан алга болсон дүр зургыг Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо өчигдөр улс орон даяар цацлаа. ХҮЧИРХИЙЛЭЛ хэмээгч аймшигт үзэгдэл ХААЛГАны цаана дэндүү их байгааг, үүнийг үйлдэгч нь ЭРЧҮҮД, үүний хохирогч нь охид, эмэгтэйчүүд гэдгийг сэтгэл сэмэртэл өгүүллээ. Бид байгаа зүйлийг байгаагаар л тавьсан.

✍️ Иймийн тулд ЭРЧҮҮД минь өвөг дээдсийнхээ үнэт зүйл, үг сургаалийг мөнхөд санаж, өөрийн амьдралдаа эрхэмлэн бүтээсэн дэг суртал, ёс жаягаа дээдэлж, хүндэтгэн дагаж, үр хойчдоо үлгэрлэн өвлүүлэхийг эрмэлзэхийн хамт эцэг эх, элгэн садандаа сэтгэлийн дэмтэй, хань ижилдээ хайрын нөмөртэй, анд нөхөддөө бат итгэлт өмөг түшигтэй, үрс хойчдоо ухааны нөөлөгтэй “ЭРХЭМ ЁСт” хүн байгаасай гэж хүсч байна.

✍️ Ийм эрхэм ёс ЭР ХҮН таны зүрх сэтгэлийн гүнд мөнхөд цогшин бадамлаж байгаасай. Ийм эрхэм ёсыг өөрт цогцлоон төлөвшүүлэхийн тулд ЭР ХҮН та дотоод ертөнц рүүгээ, ХҮН хэмээх мөн чанарынхаа оршихуй руу өнгийгөөсэй хэмээн чин сэтгэлээсэй хүсч байна.

✍️ Бас энэ эрхэм ёсоо гажуудуулан ганхуулж ухаанаа олохгүй тэмтчихдээ уураа барьж дийлэхгүй яваа ЭРХЭМ АНДДАА ухаант ЭР ХҮН та бат итгэлт өмөг түшиг нь байж андынхаа оюуны болоод сэтгэлийн бяд нь алдархаас нь өмнө туслаарай гэж ЭР ХҮН танаас хүсч байна.

✍️ Харин энэ л эрхэм ёсыг баримтлан явахуйд тань ЭМЭГТЭЙ хүн төрөлхийн уян зөөлөн ааль, нигүүлсэх сэтгэл, хайр энэрэл, уучлал өршөөлт зан төлөвөөрөө сөрөг зөрүү аливаа бүхнийг зөөллөн, эв ганг нь тааруулах ухааны учигтай байж чадна гэдгийг итгэл дүүрэн хэлмээр байна.

✍️ Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдөр ЭР ХҮН таны үнэтэй бэлэгнээс УУЧЛААРАЙ гэсэн үнэн сэтгэлийн ҮГЭН бэлэг хамгийн сайхан, хамгийн эрхэм бэлэг байж ч мэднэ шүү ЭРЧҮҮД ээ.

✍️ Хүмүүн бидний амьдрал арга билгээр эвлэлдэн шүтэлцэж, өрх гэр бүхэн жаргалтай байж, охид, эмэгтэйчүүдийн маань харц нь өөдөө, сэтгэл нь цэлмэг, заяа нь тэгш байхын ерөөл өргөе өө.

ТАНЫГ ХҮНДЭТГЭСЭН:
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЗӨВЛӨЛИЙН ДАРГА
СОДНОМДОРЖИЙН УНДРАХ