1949 онд Монголын Эмэгтэйчүүдийн холбооны даргаар Сономын Удвал томилогдож 1954 он хүртэл ажиллаад дахин 1962-1982 он хүртэл нийт 25 жил ажилласан байдаг.
Түүний ажиллаж байсан 1949-1954 он бол дайны дараахь бүтээн байгуулалтын үе байсан ба энэ үеэс ахуй соёлын аяныг эхлүүлж, аймаг хотуудад халуун усны газар байгуулж, 7 хоног тутам бүх хүмүүсийг усанд оруулж сургах, ор хөнжлийн даавууг сольж хэрэглэдэг байх, төв суурин газар муу усны нүх бий болгох зэрэг ажлуудыг зохион байгуулж, айл өрх бүрээр биечлэн орж, зааж зөвлөж байжээ.
Энэ үед хөдөө орон нутгуудад мөн тус аяныг зохион байгуулж байсан бөгөөд Өвөрхангай аймагт Галсангийн Долгор, Ц.Дэжид, Цэрэнчимэд, Цэгмид, Дулмаа, Л.Зэдрой, Загдсүрэн нарын бүсгүйчүүд манлайлан ажиллаж байжээ.
1950-аад онд эхлүүлсэн бас нэг томоохон ажил бол “Хүүхдийн хүмүүжил төлөвшилд эмэгтэйчүүдийн роль” нэртэй илтгэлийг аймгийн Эмэгтэйчүүдийн бага хурал дээр зөвлөлийн дарга Г.Долгор хэлэлцүүлж хүүхдийн хүмүүжил төлөвшилд чиглэсэн ухуулан таниулах сургалтуудыг хийж эхэлсэн байна.
