Эрхэм хүндэт ээжүүд, эмэгтэйчүүд, охиддоо олон улсын эмэгтэйчүүдийн эрхийн өдрийн мэндийг өргөн дэвшүүлье ээ

Хуваалцах
Жиргэх

Монголын эмэгтэйчүүдийн холбоо тэртээ 1924 онд охид, эмэгтэйчүүдийг эрийн боол, гэрийн зарц хэмээн үзэж харанхуй эрх чөлөөг нь боомилж байсан бурангуй ёсыг халж, эмэгтэйчүүдийг бичиг эрдэмд сургах, нийгэм, улс төрийн хэрэгт оролцуулах, ахуйн соёлд суралцахыг уриалж, соёлын довтолгоог өрнүүлж, хөдөөд Улаан гэр, Соёлжих танхим байгуулж байсаныг эмэгтэйчүүдийг сургаж хөгжүүлэх, тэднийг эрхээ хамгаалахад нь гүүр нь болж ирсэн түүхэн байгууллага юм.

1990 онд Монголчуудад эв нэгдэл хэрэгтэй байна хэмээн Монголын Эмэгтэйчүүдийн холбооны дарга Сономын Удвал дарга үзэл санааны томоохон захиас үлдээсэн байдаг.

Тиймээ бидэнд эв нэгдэл, энэрэх сэтгэл, хүнлэг чанар хэрэгтэй байна.

Цоожтой хаалга, хатуу хананы цаана, хамар хашаанд, саахалтын зайд хүүхэд эмэгтэйчүүдийн уйлах дуу сонсогдсоор удаж байна. Бид мэдээд л сонсоод л, хараад л байгаа. Тэгсэн хэрнээ бид чимээгүй л байдаг болсон. Айл хүний амь нэг саахалт хүний санаа нэг хэмээх алтан сургааль маань аль хэдийнэ алга болчихлоо. Бага насны хүүхэд түүний дотор охид эмэгтэйчүүдийн бэлгийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо жил бүр нэмэгдсээр л байна. Цаашлаад өсвөр насны хүүхдүүдийн дунд үе тэнгийн дээрэлхэлт ихсэж, хүүхдүүд маань цахим орчинд донтож, гэр бүлийн халуун дулаан амьд харилцаа алсарч эхэлсэн.

Бид нийгмийн орчинд үзэл бодлын байр суурь илэрхийлж манлайлал үзүүлэхээсээ урьтаж үгэн зуурын хэрүүл хийдэг болсон. Үнэн худлыг нь ч ялгахаа больсон. Цахим орчинд бид бие биенээ гутаан доромжлох нь байдаг л нэг үзэгдэл болсон. Сөрөг муу мэдээллүүдийг дэвэргэн хөгжөөдөг болсон. Төрөө дээдлэх, төрөө хүндлэх үзлээр төлөвшсөн бид төрдөө итгэхээ больсон

Бид дэлхийн хүн төрөлхтөнтэй зэрэгцэн даяаршиж байгаа нь сайхан ч Монгол ахуй, монгол соёл, монгол уламжлалаасаа өдөр бүр алсарч байгаа нь харамсалтай.

Ийн бодож нийгмээ эерүүлэх үйлийг эмэгтэйчүүд бид манлайлах ёстойгоо ухамсарлаж 2020 онд Соёлыг түгээе мэдлэг түгээх сайн дурын санаачилга өрнүүлж аймгийн Эмэгтэйчүүдийн Холбооны тэргүүлэгчид, салбар салбарын манлайлагч эмэгтэйчүүд, эрдэмтэн судлаачид нийт 40 гаруй хүний мэдлэг ур чадвараар тунгаагдсан мэдлэгүүдийг 225 өдөр тасралтгүй нийгмийн сүлжээнд түгээж, 2024 онд үүнийгээ АНЗААРАХУЙ ДАДУУЛАХУЙ ном болгон бүтээсэн.

Тэгвэл 2026 онд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөрөө “АНЗААРАХУЙ ДАДУУЛАХУЙ” номныхоо агуулгаар 8 сэдэв тус бүрт 4 долоо хоногийн хөтөлбөр байхаар дасгал, сорил, тест, бүлгийн ажил, хэлэлцүүлэг, жишээ, гэрийн даалгавар бүхий алхамуудтай сургалтын хөтөлбөр боловсруулж эмэгтэйчүүддээ танилцуулахын хамт энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллахыг хүссэн хүсэлтээ аймгийн Засаг даргын Тамгын газарт өргөн барьлаа.

Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Халуун ам бүл, Хайрлагдсан хүүхэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бидний боловсруулсан хөтөлбөр хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна.

Хөтөлбөрийнхөө агуулгаар бид сум бүрт сургагч багш нар бэлтгэх, хөгжих чин хүсэлтэй гэр бүлүүдийг сонгож, хөтөлбөрөө хамтдаа хэрэгжүүлж, тэдний эерэг сайхан дадлуудыг олонд түгээх гээд ажлууд хийгдэнэ ээ.

Халуун ам бүл, Хайрлагдсан хүүхэд хөтөлбөрийг 2025 онд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан бөгөөд 2028 он хүртэл хэрэгжих хөтөлбөр юм.

Өвөрхангай аймгийн Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүлэгчид бид ийнхүү 3 дахь номоо өргөн барьлаа. Эрхэм соёл түгээгч нартайгаа хамтран нийгмийг эерүүлэх үйлд оюун санааны манлайлан үзүүлэн ажиллах болно оо.