Өглөөний мэнд ![]()
![]()
: ![]()
AM
Эв эеийн үндэс бол харилцаа, харилцааны эрхэм дээд чанар бол хүнийг хүн болж төрснийх нь хувьд хүндлэх, нэг л зангаараа, нэг л аашаараа байхыг хичээх нь хүндэлийн эхлэл хэмээн өөр хоорондоо утгын үзүүрээр холбогдсон эвт үйлийн тухай мэдээллүүд энэ 7 хоногт бичигдэж буйг эрхэм уншигч Та анзаарсан бизээ.
Тэгвэл өнөөдөр миний бие эдгээр бүх эрхэм чанаруудын тулах цэг нь итгэл юм хэмээн онцолж “Итгэл даахуй”-н тухай Та бүхэнтэйгээ бодлоо хуваалцах болно.
Итгэл бол хүн чанарын хэм хэмжүүр, үүрэг хариуцлага юм. Бид итгэсэн хүнтэйгээ заяа холбодог, итгэсэн хүндээ сэтгэлээ уудалдаг, итгэлт хүндээ үг дайдаг, итгэсэн хүндээ ажил даалгадаг, итгэсэн хүнтэйгээ түншилдэг. Иймийн учир итгэл гэдэг хайр сэтгэлийн, анд нөхөрлөлийн, ажил хэргийн алтан гагнаас болсон тийм л аугаа хүчтэй зүйл.
Итгэлийн хамгийн чухал шалгуур бол үнэнч байх явдал. Монголчууд “. . .Итгэлийн дээд үнэн, идээний дээд сүү”, “Үнэнч сэтгэлд үхэр чулуу уярдаг” хэмээн ярьдаг байж. Мөн “. . . Итгэл алдах цагт үнэн хүртэл худал болдог. Сэтгэл эзгүйрэх цагт жаргал хүртэл зовлон болдог. . . ” гэдэг.
Анд нөхрөө ар хударгаар нь муулдаггүй, авсан бол буцааж өгдөг, амалсан бол амалсандаа хүрдэг, аливаад сэтгэлээсээ ханддаг, хуудуугүй чигч шударга ийм л хүнийг итгэлт анд, итгэлт нөхөр хэмээх болов уу. Иймийн тухайд л итгэл хэмээх хүнд байх ёстой хамгийн нандин чанараа үргэлжид эрчилж, хотойлгүй дааж явах нь бүхнээс эрхэм юм.
Нацагын Багабанди гуайн ” Титэм үг” номын “… Итгэл нь үл үзэгдэх мөртлөө үл тасрах сэтгэлийн учгаар хүмүүсийг гагнан холбож өгдөг. Итгэл даахуйц нөхөр энэ хорвоогийн бүхнээс үнэт эрдэнэ лугаа ховор эрхэм юм. Хүнд итгэж явах сайхан, хүмүүсийн итгэлийг даахуй нь бүр ч сайхан …” хэмээсэн ишлэлээр мэдээлэлдээ цэг тавья.
Итгэл гэдэг даахад хэцүү, алдахад амархан тийм л эмзэг нандин зүйл хэмээн санаж итгэлээ эвдэхгүйг хичээж ЭВТ ҮЙЛИЙГ ДЭВЖЭЭЦГЭЭЕ.