“ЭВТ ҮЙЛИЙГ ДЭВЖЭЭХҮЙ” Я.ЖАРГАЛ

Хуваалцах
Жиргэх

😀Өглөөний мэнд 🕖0️⃣7️⃣0️⃣0️⃣AM

✍️Зүүний үзүүрт тогтсон арвайтай зүйрлэх тохиолоор хүмүүн төрөл олсон энэ оршихуйн мөн чанар өөрөө тэнгэрлэг амар амгалан байдаг. Гэтэл хүмүүн бид бодол санаа, төсөөлөлдөө хэт живж, тэнгэрлэг байдлаа алдагдуулдаг байна.

✍️ Тэгэхээр тэнгэрлэгт ойр байх арга зам нь тэвчээр, ууч сэтгэл, уужуу ухаан гэлтэй.
“ Жамаараа ертөнцөд юм бүхэн өдөр ,шөнө шиг ээлжилнэ
Жаргал зовлонгийн алинд ч , мөнх тэнгэр шиг бай !…
Ямагт чиний зөв байх албагүй ,сайтар тунгаа
Ярьж хэлэх , хөдлөх бүхнээ өөрөө хяна , сэтгэ
Хүсэл бүхэн биелэх албагүй , чандалж хорь
Хүрэхийн эцэсгүй тэнгэр шиг бай, үнэнийг тэмтэр!…гэж агуу их яруу найрагч О.Дашбалбар гуайн өгүүлсэн мөр бүхэнд тэвчээрийг сургажээ.

✍️ Хүний сэтгэл их адармаатай. Өнгөрсөн ирээдүйд савчин байнгын хөдөлгөөнд оршдог. Ийнхүү сэтгэлээ хэт савчуулбал тавгүйтэл бий болж уур уцаар, эв эвдрэх нөхцөл үүсдэг.

✍️ Хүн нэг талаас байгалийн амьтан. Иймд уур уцаар ихэдвэл хүний араатанлаг шинж шууд илэрдэг байна. Иймээс аливаа зүйлд тайван амгалан байдлаар хандан ”Уурлаад бодохоор түүний буруу юм шиг, Уужраад бодохоор миний буруу юм шиг” гэдэг тул тэвчээд өнгөрсөнөөр алдах зүйлгүйг санаж явууштай.

✍️ Бие, хэл, сэтгэл гуравтаа тэвчээрийг эрхэмлэвээс хүн өөрийгөө илүү таньж, олж мэдэрч, өөрийн гэгээн оршихуйдаа байх боломж бүрдэх билээ. Эхээс төрсөн ариун нандин биеийг хайрлан, хэлээр дандаа сайхныг өгүүлэн, сэтгэлдээ гэрэл цацруулан эв эеийг дэвжээх үйлсийг түүчээлцгээе .

✍️Таны бие, хэл, сэтгэл гурвын тэвчээр таны ялалт болно.