“ЭВТ ҮЙЛИЙГ ДЭВЖЭЭХҮЙ” С.УНДРАХ

Хуваалцах
Жиргэх

😀Өглөөний мэнд 🕖0️⃣7️⃣0️⃣0️⃣AM

✍️Энэ 7 хоногт бид гэр бүл, анд нөхөд, айл саахалт, хамт олон, олон түмнийхээ дунд эвт үйлийг хэрхэн дэвжээх тухай бодлоо хуваалцах нь ээ. Ингээд бүгдээрээ “Гэр бүлдээ хэрхэн эвт үйлийг дэвжээх вэ?” гэсэн асуултад өөр өөрийн бодлоор хариулт хайцгаая.

✍️ Амьдралын хос багана болсон эхнэр, нөхрийн эв эвдрэх гол шалтгаан бол үл ойлголцол гэж би хувьдаа боддог. Буруу хэзээ ч нэг талд байдаггүй гэдэг. Иймийн тулд үзэн зуурын бачимдал, үг хэлний сөөргөөг тэвчиж өөр хоорондоо ойлголцох нь эвт үйлийг дэвжээхүйн учиг юм. Үг хэлний сөөргөө нь яв явсаар уур хилэн болж бадарна. Уур хилэнг ухааны ураас өөр юу ч намжааж чадахгүй.

✍️ Бурхан багшийн сургаалд уурын тухай ингэж бичжээ. “. . . Уурлана гэдэг нүцгэн гараараа халуун нүүрс барихтай адил. Та халуун нүүрс аваад бусад руу шидэх гээд үз. Та гараа түлэгдэхийг л мэдэрнэ…” хэмээж. Уур биеийг зовоохуйн учир энэ гэлтэй.

✍️ Иймийн тулд хосууд бүгдээр хатуу муу үгийг тэвчиж “Зүсэр муу үгээр зүрхийг нь бүү шархлуул, далд утгатай үгээр дал нуруу руу нь битгий сийч, хорон муу үгээр хойд урдахаа бүү сөх” хэмээх мэргэн үгийг санаж, халуун бүлдээ эвт үйлийг дэвжээцгээе.

✍️ Үг гэдэг хэзээ ч хэв шинжээ алддаггүй долгион гэдэг. Иймд Таны амнаас гарсан муу үг хорвоогоор хэрэн тэнүүчилж явсаар буцаад Тань дээр ирэх нь туйлын магадлалтай.

✍️ Иймд угтах өдрүүдийг ухаанаараа өлгийдөж, урмын сайхан үгээр биесээ тэтгэж, уужимхан орчлонд эв эеийг эрхэмлэн халуун голомтоо бөхөлж явахын ерөөлийг өргөн бодолдоо цэг тавья. Эрхэм уншигч Та өөрийн бодлоор “Гэр бүлдээ эвт үйлийг дэвжээхүй”-н тухай мөчидхөн онцолсон нийтлэлийг минь үргэлжлүүлэн дэвжээж өгнө үү.