Эрхэм уншигч Танд хурын усаар ариуссан гэгээн өглөөний мэндийг хүргэе.
“Огтлоход оргүй, цавчихад мөргүй”,
“Урт хар морь уургалж гүйцэгдэхгүй”,
“Зуны өдөр зөөлөн биетэй, өвлийн өдөр хатуу биетэй” хэмээн монголчууд үлгэр оньсоготоо өгүүлэн, “чандмань эрдэнэ” хэмээн шүтэж ирсэн үнэт баялаг усныхаа тухай Та бүхэнтэйгээ хуваалцая.
Даян дэлхийд ч, та бидний алд биед асар үнэ цэнийг оршоон буй усны тухай, далай тэнгис, гол мөрөн, булаг шандны тухай хүн бүр мэддэг хийгээд усгүйгээр амьдралаа төсөөлж яахан чадах билээ. Хэдийгээр дэлхийн 2/3-ыг (хүний биеийн 70%-ийг) ус эзлэх боловч тэр их усны нөөцийн дөнгөж 2,5%-ийг давсгүй цэвэр ус эзэлж, түүний 1,2%-ийг шууд хэрэглэж болдог байх нь. Хүн төрөлхтний жилд хэрэглэдэг цэвэр усны 10%-ийг л ахуйн зориулалтаар ашигладагийг судалгаагаар тогтоосон байдаг. #Ус_юутай_ховор_эрдэнэ.
Бидний эх орон цэвэр усны нөөцөөрөө дэлхийн улс орнуудаас 22-т бичигдэх боловчиг урсгал усаа нөөцлөх, хуримтлуулах мэтээр гадаргын усны хэрэглээ тааруугаас хилээр урсан гарч, усны нөөц багатай орны тоонд багтдаг шүү дээ. 2019 онд 81 гол мөрөн, 287 булаг шанд, 78 нуур тойром, 11 рашаан сэргэсэн бол эсрэгээрээ 6161 гол мөрөн, 287 булаг шанд, 78 нуур тойром, 512 рашаан ширгэсэн гэсэн судалгааны дүнг хуваалцаж буйдаа эмзэглэн сууна. Эзэн нь болсон та бидний буруутай үйлийн төлөөс биз. #Усаа_гамнаж_ухаалаг_амьдрахыг_сануулжээ.
Уух усаа амьдралынхаа чандмань эрдэнэ хэмээн шүтдэг монголчууд усны амьтдыг хүндэлсээр “лусын амьтан” хэмээн авгайлсан ч учиртай. Гол мөрөн далай тэнгисээ хамгаалах нь тэнд амьдран буй үй түмэн амьтны амьдралыг тэтгэн буй юм.
Усыг лус хэмээн биширч, цагаан идээ дусаадаггүйн учрыг, лан мөнгөөр тахил өргөдөг ёсыг, ус мөрнөө түшээ хэмээн хүндэтгэн, эжийтэйгээ зүйрлэн ирснийг хойч үеийнхэн бид ойлгон сахьсаар байна. Эрүүл мэндэд тустай, ид шидтэй рашааны усны ачийг ч санан хайрласаар байна.
“Урт хөх биетэй, уруу газар явдалтай, амьдрахад тустай, аялахад саадтай, шавар хэвтэртэй, шороон хэрэмтэй” хэмээн усны тухай оньсогыг санан, амралт аялалдаа ерөөл бодож, эх дэлхийгээ баясган, лусаа бохирдуулахгүй аялахыг хүсэмжилж байна.