Өглөөний мэнд ![]()
![]()
: ![]()
![]()
Аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн “СОЁЛЫГ ТҮГЭЭЕ” төслийн 8 дугаар сарын аян “ИДЭЭ УНДААГАА ЗӨВТГӨХҮЙ” сэдвээр эхэлж байна. Идээ ундааны шим тэжээл, чанар, аюулгүй байдлын асуудал нь аливаа улс орны оршихуйн тулгуур юм.
Хүний амьд байх анхдагч хэрэгцээ бол идээ ундаа, хоол хүнс. Иймийн тулд бид идээ ундаагаа зөв сонгох, зөв бэлтгэх, зөв хэрэглэх тухай асуудлыг хөндөж, ингэхдээ Монголчуудын уламжлал хоолны соёл ямар байсныг, өнөө цагт бид эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй хүнсний бүтээгдэхүүнийг ихээр хэрэглэж байгааг, хүн амын дунд халдварын бус өвчлөл нэмэгдэж буй нь хоол хүнсний зохисгүй хэрэглээтэй холбоотойг, эрүүл хүнс бэлтгэхэд малчид, тариаланчид, үйлдвэрлэгчид, иргэдийн үүрэг оролцоо ямар байхыг, хүнсний аюулгүй байдал нь үндэсний аюулгүй байдлын цөм болж буйг тус тус онцолж сарын турш мэдлэг цуглуулж, мэдлэг түгээх болно оо.
АНУ-ын нэгэн эрдэмтэн “Хүн төрөлхтөн одоо цагт дайн байлдаанаас биш, байгалийн гамшгаас биш, идэхээсээ болж мөхөх ангал руугаа зугуухан боловч маш тууштайгаар хурдаа аван гулсаж байна” гэжээ. Үүнийг бид анзаарах ёстой. Даяаршлийн эрин зуунд Монголчууд бидний идээ ундаа дэндүү даяарчлагдаад байгааг бид мэдсээр атал идээ ундаагаа зөвтгөж чадахгүй л байна.
Уг нь бид байгаль цаг ууртаа зохицуулан идээ ундаагаа бэлтгэж, идээ ундаагаараа бие махбодио ч анагаан тэнхрүүлж ирсэн өвөрмөц соёлтой ард түмэн. Цайсах, ундаасах, тамир сэлбэх, шимжүүлэх, хий дарах, өл дарах, ядаргаа тайлах, харшаа тайлах, шинэ шөл уулгах гээд эдгээр өвөрмөц хэллэгүүд ганцхан Монголд л байдаг байх. Ийн бодож бид 4 цагийн улиралдаа Монголчууд идээ ундаагаа хэрхэн таацуулан бэлтгэж, хэрэглэж ирсэнийг энэ 7 хоногт онцлох болно. Та ч бас мэддэг зүйлээ бидэнтэй хуваалцаарай.
Хэдхэн хоногийн дараа бид намартаа золгох нь. Монголчууд зуны улиралд сүү, цагаан идээгээрээ хооллон, дулааны улиралд мах их идвэл бие махбодид энерги хэрэгцээнээс илүүгээр хуримтлагдаж, ямар нэгэн өвчин эмгэг олох шалтгаан болдог хэмээж махаа бага иддэг зарим нь огт мах иддэггүй байж. Мөн махны хэрэглээгээ багасгах нь бие махбодь хүчилших явцыг саармагжуулдаг гэдэг байж.
Сүү нь малын дэлэнгийн булчирхайлаг эдийн шим шүүс бөгөөд өөр юугаар ч орлуулашгүй уураг, тос, нүүрс ус, амин дэм, эсгэг зэрэг 100 аад нэр төрлийн шимт бодис байдгийг судлаачид тогтоосон байдаг байна. Дөнгөж саасан сүү хүч тамир нэмэгдүүлэх сайн талтай, исмэл цагаан идээ тодруулбал тараг, хоормог, айраг, аарц зэрэг нь гэдэс ходоодны үйл ажиллагаанд сайн гэдэг байна.
Мөн Монголчууд зундаа өрмөө хурааж шар тосоо гаргаж авдаг. Шар тос нь бусад зүйлтэй найруулбал олон зүйлийн чадалтай, сэтгэл тайвшруулж нас уртасгадаг, нүдний харц, өнгийг сайжруулдаг, уушиг, зүрхний өвчинд сайн зэрэг уламжлалт анагаахын сударт бичсэн байдаг байна. Өрмийг хайлж тосыг нь аваад үлдсэн идээг нь бид хайлмаг, цөв, цагаан тос ч гэдэг байна. Хайлмагийг хүүхдийн суулгалт зогсоох, ханиалга дарах, дотор халуун бууруулахад тустай гэдэг байж. Ийнхүү Монголчууд бидний өөрийн гараар хийдэг идээ ундаа бүхэн минь зөвхөн хоол хүнс төдийхөн биш биднийг эдгээн анагаагч гэдгийг бид танин мэдэж зөв зохистой хэрэглэх нь бүхнээс чухал болоод байна.
Монголчууд бидний цэвэр эко бүтээгдэхүүн болох малын мах, сүү цагаан идээ маань өнөөдөр төв суурин газрын хэрэглэгч бидний гар дээр ирэхдээ шимт чанар нь хэрхэн алдагдаж байгааг бид 2 дахь 7 хоногийнхоо мэдээллээр хөндөх болно. Бидэнтэй хамж байж “ИДЭЭ УНДААГАА ЗӨВТГӨХҮЙ”-н талаарх мэдлэгээ хуваалцаарай.