Гэгээн өглөөний мэнд хүргэе. ![]()
![]()
: ![]()
![]()
Хоол, хүнсний шинжлэх ухаан, уламжлалт болон орчин цагийн хоолзүйг судлаачид бие даан хөгжүүлж байгаа хийгээд мөн чанарын тухайд олон нийтийг соён гэгээрүүлэх үйлсэд Өвөрхангай аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөлийн санаачилгаар хувь нэмрээ оруулж буйдаа урамтай байна.
Монголчууд бид хоол хүнсний олон мянган жилийн соёлтой. Байгаль дэлхийгээ шүтсэн, газар зүйн онцлогоос хамаарсан, нүүдэлчдийн соёлоос улбаалсан хоол хүнсээ танин мэдэхүйн соёл эзэмшсэн, бие даасан, баялаг хэв шинжтэй үндэстэн шүү дээ. Ингээд Та бүхэнтэйгээ монголчуудын өвлийн улирлын хоол хүнсний тухай мэдээллээ хуваалцая.
Өвлийн улиралд хэрэглэх хоол хүнсээ намрын ургац, хангайн хишгээр баяжуулан, хамгийн тохиромжтой #улаан_идээ болсон махаа нөөцөлнө. “Идшээ хийх” хэмээх айлын бүрийн өвөлдөө бэлтгэх зан үйл одоо ч хадгалагдаж буй нь бэлчээрийн мал аж ахуй, уур амьсгалын өөрчлөлтөөс шууд хамаарах хэдий ч хүйтний цагт хүний бие махбодид гарах өөрчлөлтөд нийцүүлэх хоол хүнснээ хэрэглэдэг ардынхаа ухааныг биширч сууна.
Өвлийн идэшдээ хийсэн үхрийн махаа халуун дээр нь хэрэглэхийг таашаадаггүй байсан нь өвчин хөөргөх, хөдөлгөх нигууртай хэмээж, борцлох зэргээр хэрэглэн, “Үхрийн мах удах тусам эм”, “Хонины мах удах тусам хор болно” гэж ярьдаг байжээ. Адууны махны тухайд гэхэд монголчууд идэр есийн хүйтэнд л иддэг. Энэ нь халуун чанартай нь холбоотой. Харин тэмээний мах иддэггүй нь сэрүүн чанартайд байгаа аж.
Бидний хоолны соёлд сүүлд орсон загасны мах өөрөө халуун чанарынх тул өвөлдөө хэрэглэвэл зүгээр байх нь. Манайхан өвлийн цагт махтайгаа халуун ногоог ихээр хэрэглэх болсон нь хүйтэн чанарынх, тэгэхээр амтлах амт, шингэх шим хоер өөр байдаг байх нь ээ. Амьдран буй нутгаасаа хамаарч, идэх малын мах, ургамал жимс өөр өөр. Өвөлдөө ихэвчлэн адууны махаа зооглох боловч, хангайхан сарлаг, хонины махаа, говийнхон ямаа, тэмээний махаа л түлхүү хэрэглэнэ.
Өвлийн хүйтний нөлөөгөөр хүний шар усны сүв нь хаагдаж, галын илч дотор төвлөрдөг гэнэм. Энэ үед хоолны дуршил сайн, хоол шингээлт ч гойд байдаг тул биеийг төлжүүлэн сэргээх амтлаг, исгэлэн, давслаг хоолууд, хүний тамир буурахаас сэргийлж, мах, махны шөл, тослог идээ хэрэглэдэг байх нь. Өвөлдөө сонгино, мангир, таана, хунчир гээд зэрлэг ургамал, жимсийг хоолонд хэрэглэх нь хоол шингээх, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талтайг судлаачид өгүүлжээ. Шар тос, аарц, өрмөө өвөлдөө хэрэглэж дархлаагаа дэмжиж, хавартайгаа золгодог.
Манай нутгийнхан өвөлдөө аарцтай шөлтэй хоол, сарлагийн түүхий сүүгээр сүлж, шар тос самарсан эсвэл өрөм хийсэн өтгөн цайгаар ундаалж, хааяахан шар тос хөвүүлсэн шимийн архи шимж, аньс, чацаргана, царван буцалгаж уугаад зогсохгүй даршилсан жимсээрээ хий бадганаа хөөж, түүсэн самраараа калиа нөхөж, сонгиноороо вирус-халдварыг устгах жишээний. Нутаг нутгийн хоолны соёл өөр аж
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ПОЛИТЕХНИКИЙН КОЛЛЕЖИЙН ЗАХИРАЛ, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЗӨВЛӨЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧ САРАЙСАНДАМБЫН САНЧИР