Өглөөний мэнд хүргэе. ![]()
![]()
: ![]()
![]()
Энэ 7 хоногт бид эрт үеэс монголчууд 4 цагийн улиралдаа идээ ундаагаа хэрхэн таацуулан бэлтгэж, хэрэглэж ирсэн тухайх мэдээллийг хүргэсэн ба өнөөдөр би энэхүү идээ ундааны зохицол нь бидний бие махбодын мөн чанарт хэрхэн нийцэн байсан талаар мэдээлэл бэлтгэлээ.
Монголын уламжлалт анагаах ухаанд хүний биеийн хий, шар, бадгана тэнцвэртэй байх нь эрүүл, урт наслах үндэс бөгөөд эдгээрийн тэнцвэрийг хангагч гол зүйл нь хүний идээ ундааны зохицол хэмээдэг ба идээ ундаагаа бие махбодь, цаг улиралтайгаа зохицуулах нь хамгийн чухал хэмээн үздэг. Тухайлбал зуны улиралд хүний биед хий ихсэж, намрын улиралд шар арвиддаг гэдэг тул зуны улиралд хоолны хэмжээг багасгаж хөнгөн, бүлээн, тослог шимтэй идээ ундыг түлхүү хэрэглэх, харин намартаа халуун, хурц, тослог, амт чадалтай хоол хүнсийг хэрэглэхээс аль болох татгалзах хэрэгтэй гэдэг байна.
Мөн монголчууд идээ ундаагаа нас, насанд тохируулан хэрэглэдэг байсан байна. Тухайлбал, Хүүхэд ходоодны галын илч багатай тул амархан шингэдэг идээ ундааг хэрэглэнэ. Идэр насны залуучууд амтлаг, гашуун, эхүүн амттай сэрүүн идээ ундааг хэрэглэнэ. Харин настай хүмүүст ходоодны галын илч идээний шингээлт муудах тул хүнд, хүйтэн, шингэхэд хэцүү идээ ундааг цээрлэдэг байж.
Мөн өдрийн цагтаа таацуулан идээ ундаагаа зохицуулах нь эрүүл мэндэд тустайг чухалчилдаг байсан байна. Тухайлбал, Өглөө хий хөдлөх цаг буюу 7:40-11:40-д бүлээвтэр тослог, өдөр сэрүүвтэр, амтлаг, оройд дутрага, будаа, амуу буудай зэрэг шингэхэд хялбар, шимтэй идээ ундааг хэрэглэх нь зохистой гэдэг аж. Бүлээн, сэрүүн чанартай хүнсийг нэг дор идэхгүй, исэг идээг архитай хольж хэрэглэхгүй, цагаан идээг жимстэй хольж идэхгүй байх зэрэг өөр хоорондоо үл зохицох идээ ундаанууд ч байдаг байна. Энэ мэт Монголчуудын идээ ундаагаа өөрийн бие махбодь, байгаль цаг уурынхаа онцлогт нийцүүлэн зохицуулж байсан нь эрүүл, урт наслахын үндэс суурь юм.
Дээрх мэдээлэлд бичигдсэн бүлээн идээ, сэрүүн идээ, саармагжуулагч хүнс, өөр хоорондоо үл зохилдох идээ, амт чадалт идээ, шимт идээ, зун, намар, өвөл, хаврын зохист идээ зэрэг хоол хүнстэй холбоотой нэр томьёонуудыг Та анзаарсан байх. Эдгээрийг бид нэг дор тайлбарлах боломжгүй тул Та энэ талаарх мэдээллийг ном товхимол, мэргэжлийн хүмүүсийн судалгааны өгүүлэл, ярилцлага, нийтлэл зэрэг бусад эх үүсвэрээс заавал дэлгэрүүлэн уншиж судлаарай.
Бид идэж буй хоол хүнснийхээ талаар мэдэж байж ИДЭЭ УНДААГАА ЗӨВТГӨХҮЙН тухай ярина. Иймд эхлээд хоол хүнснийхээ талаар мэдлэгтэй байх, дараа нь зөв зохистой хооллох дадал хэвшилтэй болох нь эрүүл аж төрөхүйн үндэс юм.
АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРЫН НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЗӨВЛӨЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧ МАНГАЛЖАВЫН ЗОЛЗАЯА