Өглөөний мэнд хүргэе. ![]()
![]()
: ![]()
![]()
Монголчуудын идээ ундааны уламжлалт соёл нь эрүүл мэндэд онцгой ач холбогдолтой байсан тухай миний бие өнгөрсөн 7 хоногийн мэдээлэлдээ товч дурьдсан. Тэгвэл өнөөдөр Монголчуудын хоол, хүнсний хэрэглээ хэт даяарчлагдаж байгаа нь бидний эрүүл мэндэд хэрхэн сөрөг нөлөөтэй болохыг онцлон хэлье.
Эрүүл мэндийн статистик үзүүлэлтээр сүүлийн жилүүдэд хүн амын хоол боловсруулах эрхтэн тогтолцооны эмгэг тэргүүлж, удаах байрыг амьсгал, бөөр, шээсний замын эмгэг, зүрх судасны болон арьс, харшлын өвчлөл эзэлж байна. Хоол боловсруулах эрхтэн тогтолцооны өвчнөөр жилд шинээр 15-16 мянган хүн өвчилж, хорт хавдар 500-600 шинээр нэмэгдэж, үүний дотор элэг, ходоодны хавдар өвчлөл, нас баралтыг тэргүүлж, насны хувьд 25-49 насны хүмүүст илүүтэй тохиолдож байна.
Мөн хүүхдүүдийн дунд шүд цооролт, өсвөр, идэр насанд ходоод, улаан хоолой, элэг цөс, нойр булчирхайн эмгэг, өвчлөл илүү тохиолдож байна. Ийнхүү халдварын бус өвчлөл нэмэгдэж байгаагийн анхдагч шалтгааны нэгд буруу, зохисгүй хооллолт орж байгааг мэргэжлийн байгууллага нэгэнт тогтоосон тул бид идээ ундааныхаа сонголт, хэрэглээн дээр онцгойлон анхаарах хэрэгтэй юм.
Монгол улс хүнсний бүтээгдэхүүнийхээ (мах, сүү, төмс хүнсний ногооноос бусад) 70 хувийг гаднаас импортолдог гэсэн статистик байна. Тэгвэл импортоор орж ирж буй хүнсний бүтээгдэхүүн 100 хувь баталгаатай биш гэдгийг бид бүгд мэдэж байгаа. Тухайлбал та генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн гэж олонтаа сонссон байх.
Генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүн (GMO) гэдэг нь генийн инженерчлэлийн аргаар ургамал, амьтанд шинж чанарын өөрчлөлт оруулах зорилгоор ДНК-д нь өөр ургамал буюу амьтны генийг суулгаж генд нь өөрчлөлт оруулсан байгальд огт байдаггүй цоо шинэ ургамал буюу амьтан юм гэж тодорхойлсон байдаг. Тэгвэл генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн нь хоол боловсруулах эрхтэнээр дамжин цусанд шингэж хүний биеийн бүхий л хэсгүүдэд хүрч ДНК /хромосом/-ийг мутацид оруулж өөрчилдөг байна.
Энэ талаар дэлхий нийтийг цоцроосон мэдээллийг Та сонсож байсан байх. 2012 оны 8 сард Франц Улсын Каен их сургуульд хоёр жилийн турш хийгдсэн нэгэн судалгааны илтгэлд хувиргасан амьд организмаас гаралтай улаан буудайгаар хоололсон 100 эм хулганы 70 хувь нь, 100 эр хулганы 50 хувь нь том хавдраас болж үхсэн бөгөөд бөөр, элэгний архаг өвчтэй болжээ гэсэн дүгнэлтийг танилцуулсан байдаг.
Бас нэг анхаарал татсан мэдээлэл бол хувиргасан ген агуулсан бүтээгдэхүүнийг хориглосон Швед улсад хүн амын долоон хувь нь харшилтай бол хүнсний бүтээгдэхүүнд шилжмэл ген байхыг зөвшөөрдөг АНУ-д хүн амынх нь 70.5 хувь нь харшилтай байна гэсэн байна.
Зөвхөн энэ 2 мэдээллээс л бид хүнсний бүтээгдэхүүний талаар мэдлэгтэй байх, хүнсний бүтээгдэхүүнээ зөв сонгох, хэрэглэх тухай анзаарахгүй бол болохгүй нь гэдэгтэй Та санал нийлэх биз. Эрүүл хүнс, зөв зохистой хооллолт нь эрүүл аж төрөхүйн үндэс гэдгийг дахин хэлье.
АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГЗРЫН НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ХЭЛТСИЙН ДАРГА МАНГАЛЖАВЫН ЗОЛЗАЯА