Өглөөний мэнд ![]()
![]()
: ![]()
AM
Аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн “СОЁЛЫГ ТҮГЭЭЕ” төслийн “БИЛИГ УХААНАА ХӨГЖҮҮЛЭХҮЙ” аянд нэг талаас эрдэмт багш нарынхаа, нөгөө талаас хөдөө орон нутгийнхаа эмэгтэйчүүдийн төлөөлөл болон оролцож мэдлэг нэмэрлэх болсондоо талархаж бас ихэд хариуцлагатай байхаа ухамсарлан эхний мэдээллээ бэлтгэн Та бүхэндээ хүргэж байна.
Эрхэм уншигч Та анзаарсан байх. Өмнөх өдрүүдийн мэдээлэлд монголчуудын уламжлалт сурган хүмүүжүүлэх ухаанд эцэг эхчүүд, ахмад буурлуудын үг, үлгэрлэл, сургааль ямар их үнэ цэнэтэй байсан тухай түүний дотор номын номыг хүний номтой хэрхэн тэгшитгэн сургаж байсан тухай дурьдагдсан.
Харин өнөөдөр миний хувьд монголчуудын багшаа хүндэлж, багшаа дээдэлж байсан ёс жаяг, багш шавийн барилдлагыг эрхэмд үздэг байсан уламжлалт ёсны талаар товч мэдээлэл хүргэе.
Боловсролын тогтолцооны хамгийн эхний хэлбэр нь гэрийн сургалт байсан ба шавь багшийн гэрт очиж ном заалгадаг, зарим нь багш залж ирүүлэн хүүхэддээ бичиг үсэг заалгадаг байсан байна. Энэ үед монголчууд хүүхдээ сайн багшид шавилахыг эрхэмд үзэж, хүүхэд сайн багшид шавилан сууснаар шавийн оюун ухаан, авьяас чадвар эрт нээгдэх ач тустай гэдэг байж. Мөн энэ үед багш нар бичиг үсэг заахаас гадна аж төрөхүйн ухааныг зааж сургадаг байсан байна. Энэ үеэс л “Шавийн эрдэм багшаас Зулын гэрэл тосноос” хэмээн зүйрлэж багшийг дээдлэх, багшийг хүндлэх үзэл эхэлсэн байдаг.
Түүхэн сурвалжаас иш татан үзэхүйд Монголын багш нарын анхдугаар их хурал 1935 онд болж тус хурлын үндсэн илтгэлд ” . . . Багш нар та нар болбоос монголын ард түмнийг эрдэм соёлд удирдаж, монголын үндэс угсаа, улс төрийг бадруулагч шинэ хүчин мөн. Багш нарын мэдлэг бага нимгэн болбоос сурагч нь өргөн сурлагатай болж үл чадна. Иймд Та нөхөд өөрийн мэдлэгийг байнга давтан дээшлүүлэх нь чухал. . . ” хэмээсэн нь багш хүний эрдэм мэдлэгийг ихэд хүндэтгэн, тэдний мэдлэг оюуныг нэмэгдүүлэхэд төр засгаас ихэд анхаарч байсныг харж болохоор байна.
Монголчуудын сурган хүмүүжүүлэх ухаанд багш хүн гэдэг ийм эрхэмд тооцогддог байсныг санаж мэдлэг мэдээллийн өнөө зуунд багш нар бид асар өргөн мэдлэгтэй, эерэг зөв хандлагатай, шавь нарынхаа мэргэн хөтөч, тэднийг дагуулан чиглүүлэгч байх эрхэм үүргээ ухамсарлаж, сурагчдынхаа үлгэр дууриалал нь гэдгээ үргэлжид өөртөө сануулж өөрийн эрдэм мэдлэг, сурган хүмүүжүүлэх арга барилаа бүх талаар хөгжүүлэхэд тасралтгүй суралцахыг эрхэм багш нартаа уриалж байна.
Багш нар бид эрдэм мэдлэгийг түгээгчид, нийгмийн хөгжлийг манлайлагчид тул аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн “БИЛЭГ УХААНАА ХӨГЖҮҮЛЭХҮЙ” аяныг эрдэм мэдлэгээ уралдуулан түүчээлнэ гэдэгт итгэлтэй байна.
Эрхэм багш нар Та бүхнийг дээр бичсэн багахаан мэдээллийг минь баяжуулан дэлгэрүүлж монголчуудын багшаа хүндэлж, багшаа дээдэлж ирсэн ёс жаяг, үүх түүхийн талаар өөрийн мэдлэгээ нэмэрлээрэй гэж хүсч байна.
ЗҮҮНБАЯН-УЛААН СУМЫН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН СУРГАЛТЫН МЕНЕЖЕР, СУМЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЗӨВЛӨЛИЙН ДАРГА С.АЗЖАРГАЛ