Өглөөний мэнд ![]()
![]()
: ![]()
AM
Аливаа улс орны нийгэм, эдийн засгийн хөгжил дэвшлийн оньс нь ахмад үе, идэр үе, залуу үеийнхний харилцан ойлголцол, хүндлэл, итгэлцэл, хамтын ажиллагаа юм.
Үе үеийнхний оюун санаа, сэтгэл зүй, үнэт зүйл нь тухайн үеийн нийгмийнхээ үнэт зүйл нь болдог гэж би хувьдаа ойлгодог. Мөн тухайн үеийн нийгэм, эдийн засгийн онцлох үйл явдал, шинжлэх ухаан, техник технологийн хөгжлөөс хамааран нийгмийн үеүд тодорхойлогддог гэдэг.
Иймд бид сүүлийн жилүүдэд ихээр яригдаж буй нийгмийн үе, үе хоорондын ялгаа, онцлогийн талаар цухас дурьдаж, ирээдүйд улс эх орны минь хөгжлийн залуур болсон өнөө үеийн хүүхэд, залуусын мэдлэг боловсрол, билиг оюун, хүмүүжил, төлөвшилд өнөө үед амьдарч буй үе үеийнхэний харилцан ойлголцол, хандлага ямар хувь нэмэр оруулах талаар энэ 7 хоногт онцолж мэдээллүүдээ багцлан хүргэх болно.
Анх 1928 онд Германы социологич Карл Маннхейм “Үеүдийн асуудал” хэмээх өгүүллэгтээ “Түүх болон нийгмийн ямар нэгэн үйл явдлуудыг хамтдаа туулсан тодорхой насны хүмүүсээр НИЙГМИЙН ҮЕ үүсдэг” хэмээгээд “Үе гэдэг нь ихэнхдээ өсвөр үе, залуу насандаа ижил төстэй үйл явдлуудыг үзэж туулсан ойролцоо насны хүмүүс”-ийг хэлнэ гэж тодорхойлжээ.
Хүний нэг үеийг ойролцоогоор 15-20 орчим жилийн давтамжтайгаар нэрлэдэг ба үеүд нь олон улсад X, Y, Z зэрэг тогтсон нэршилтэй. Харин Монгол улсын хувьд “СИКА(SICA)” ХХК, Монголын Санхүүгийн Зах Зээлийн Холбоо хамтран дэлхий даяар 1980 оноос хойш эрчимтэй явагдаж буй дижиталжилт, 1990 оноос хойш Монгол улсад явагдсан нийгэм, эдийн засгийн шилжилт, 2000 оноос хойш хүмүүсийн амьдралын хэмнэлийг өөрчилж буй нийгмийн сүлжээ зэрэг хүчин зүйлүүд Монголын нийгмийн үеүд бүрэлдэн тогтоход шууд нөлөөлсөн гэсэн үндсэн таамаглалыг дэвшүүлж “Монголын нийгмийн үеүдийг тодорхойлох судалгаа”-ны дүнг 2020 онд нийтэлжээ.
Судалгааны багийнхан судалгааныхаа дүнд үндэслэн Монголын нийгмийн үеүдийг
Социалист үеийнхэн/1964 оноос өмнө төрөгсөд/
Завсрын үеийнхэн/1965-1982 оны хооронд төрөгсөд/
Шилжилтийн үеийнхэн/1983-1994 оны хооронд төрөгсөд/
Шинэ үеийнхэн/1995 оноос хойш төрөгсөд/ хэмээн 4 үед хувааж үе тус бүрийн онцлог шинжийг дурьджээ.
Тус судалгааны дүнд шинэ үеийнхэн буюу 25 аас доош насныхан хувь хүний эрх чөлөөний мэдрэмж өндөртэй, либерал үзэлтэй, төр болон намд итгэдэггүй, институтэд биш өөртөө илүү итгэдэг, бусад үеүдтэй харьцуулахад хамгийн их дижитал, сошиал хэрэглээтэй, үзэл бодлын хувьд илүү баруунжсан, глобалчлагдсан байна гэжээ.
Судлаач Чулуунцэрэнгийн Отгочулуу “Z үеийнхэн, сайныг өвлөж, саарыг өөрчлөх нь” гэсэн ном бичиж “Популизмын төлөөсийг Z үеийнхэн үүрэх учраас тархиа илүү цэнэглэх ёстой” гэж өөрийн твитер хуудаснаа жиргэж. Мөн Z үеийг хүн төрөлхтөний бүх үеэс хамгийн сайн хүмүүжилтэй, хамгийн сайн боловсролтой, хамгийн бүтээлч үе нь байна гэж судлаачид үзсэн байна.
Иймд энэхүү шинэ үеийнхэн ирээдүйн улс эх орны минь эзэд тул эдгээр хүүхэд залуусын боловсрол, хүмүүжил төлөвшлийн асуудалд шинэ үеийнхэний ээж аав, ах эгч, эмээ өвөө, багш нарын билиг ухаан бүхнээс чухал байна гэдгийг онцлоод өнөөдрийн мэдээлэлдээ цэг тавья.