Өглөөний мэнд ![]()
![]()
: ![]()
AM
Ухаант мэргэд эрт цагаас “Шавийн эрдэм багшаас” гэж хэлцэн ирсэн. Багш “Хүнээр хүн хийж, хүнийг урлаж байгаа дархан хүмүүс ” гэж би хувьдаа ойлгодог. Аливааг ойлгох, эргэцүүлэх, бусдыг хүлээн зөвшөөрөх, гарц шийдлийг ямагт эрэлхийлэх, багаар ажиллахын давуу талыг чухалчилж буй энэ нийгэмд “БАГШ” хэн байх вэ гэдэг нь бидний анхаарах гол сэдэв юм.
ХХI зуун мэдээллийн асар их урсгалын эрин, дэлхийчлэгдэж бүх зүйл технократ чиг хандлага руу орж буй энэ цагт орчин үеийн багш хүүхдийн сэтгэл зүй рүү “дотор хүн”-ийг нь мэдэрч ажиллах нь нийгмийн захиалга болоод байна.
Сурахуйн олон янзын онолын философилог чиглэлийн нэг болох Бихевиоризмийн гол төлөөлөгч Жон Батсон “Би дурын хүүхдэд түүний авьяас билиг, хүсэл сонирхол, арьс өнгө, гарал үүслийг үл харгалзан эмч, хуульч, зураач, наймаачин гээд өөрийн хүссэн мэргэжлийг нь эзэмшүүлж, тэр ч бүү хэл тэднийг эрдэмтэн, гайхамшгийг бүтээгч ч болгосон чадна” гэж бичсэнээс үзвэл тэрээр хүүхэд бүрийг сургаж болох “АГУУ” их боломжинд баттай итгэж байгааг нотолж байна.
Бидний зорьж буй чиглэл нь шинжлэх ухааны мэдлэгийг хүмүүнжүүлэх зорилготой эн тэнцүү авч явах сэтгэлгээг хандлагатаа бат суулгах тогтворшлыг бий болгох явдал юм. Хандлага нь “Ёс зүй”, “ Хүмүүн чанар”, “Харах өнцөг”, “Зөв үлгэрлэл”… зэргийг олон талаас нь илэрхийлсэн томъёолол бөгөөд сэтгэлийн боловсролын гадаад илэрхийлэл юм. Зааж буй хичээлдээ сэтгэлээ зориулж, шавиа ойлгож, өөрийнх нь орон зай, түүний хүндлэлийн заагт хамт, бодол сэтгэлгээнд нь ойр байж чадсан багш шавь нартаа үргэлж дурсагддаг жамтай.
Багш хүн ур чадвартай байхын зэрэгцээ шавьдаа ирээдүйд итгэх итгэл, үлгэр дуурайлал, хүсэл мөрөөдлийн жигүүр нь болж чадвал энэ “хандлага зөв багш” гэж ойлгодог. Аливаад чин сэтгэлээсээ хандаж багшийн ажлаараа бахархаж, дурлаж хийхэд л таныг харж буй “ирээдүй” (бяцхан шавь чинь) өөрөө олоод харчихна. Хүүхэд өөртөө сайн хүнийг маш сайн мэдэрдэг онцлогтой. Багш өөрөө сайн хандлагын цөм нь байж зөвхөн шавь гэлтгүй эцэг эхчүүд, иргэд олон нийтэд болон ер нь бүгдэд сайн үнэлэмж төрүүлэхүйц байгаа нь л зөв хандлага юм.
Монголчуудын “Ном дор мөргөм үү”, “Багш дор мөргөм үү” хэмээн эрдэм номоо есөн эрдэнээр бичиж, торгонд баринтаглан залдаг, багшдаа хамгийн түрүүнд хадаг барин золгодог уламжлал нь багш хэмээх хүмүүний өөрийнх нь хандлагад итгэл хүлээлгэж буйн илэрхийлэл юм. Ш.Сүрэнжавын “Багш” найраглалд дуучин, жүжигчин, эмч, шүүгч зэрэг төрөл бүрийн чадварыг магтан дуулсан нь багш хүн шавь нэг бүрийнхээ “хүмүүн ертөнц”-ийг олж харан хөгжүүлдэг хөрвөх чадвартай байгааг бас байхыг хэлсэн нь гайхалтай.
“БАГШЛАХ” гэдэг нь өөрийгөө бүрэн таньж, хүүхэд бүрт тэгш боломж олгон, тэднийг хөгжүүлэх, насан туршдаа суралцахад нь хэрэг болохуйц чадвар, чадамж олгох зорилго бүхий нарийн нийлмэл үйл явц гэдгийг нийгэм хүлээн зөвшөөрч буй энэ цаг дор хөгжлийг түүчээлэгч, ирээдүйг цогцлоогч хойч үеэ эрдэм боловсролтой, хүмүүнлэг иргэн болгон төлөвшүүлэхэд эерэг хандлагад суурилсан ур чадварыг үнэт зүйл хэмээн онцлоод өнөөдрийн мэдээлэлдээ цэг тавья.