Амралтын өдрийн мэнд хүргэе
Монголчууд эрт үеэс “Багш дор мөргөм үү, Ном дор мөргөм үү” хэмээн эрдэмт багшийг , мэдлэгийн оньс болсон номыг хүндлэн дээдэлж ирсэн эрхэм ёс жаягтай ард түмэн. Энэ талааар “Билэг ухаанаа хөгжүүлэх”-д нэмэр болгож хэдэн зүйлийг сийрүүллээ.
Монголчуудын багшийг шүтэх ёс нь шашин номд шавилан суух үеэс улбаатай гэдэг ба энэ үед Монголчууд бурхан шашны уламжлал, зан үйлийг ихэд дагадаг байсан.
Энэ ч утгаар Энэтхэгийн их хөлгөн судрын “Бурхан дор мөргөм үү, Ном дор мөргөм үү, Хувраг дор мөргөмүү”
хэмээх сургаалийг ёсчилдог байж. Уг сургаалийн утгын холбоос нь номыг номлох бурхан, бурханы айлдах ном, номчлон явах шавь бол ном эрдмийн чухаг 3 эрдэнэ юм хэмээхэд оршдог байж.
Харин монгол судар, соёлын болон аман билгийн уламжлалд “Багш дор мөргөм үү” хэмээн ярьж, бичиж, сургаж ирсэн. Лам багшийн сургааль номлолыг илүүтэй дагадаг байсан ард түмэн бурхан дор мөргөсөнгүй , багш дор мөргөсний учир нь бурханы газарт хүрэхэд багш гэдэг номын сайн газарчгүйгээр үл хүрмой гэсэн утга гэнэ. Монголчууд багшийг бурхан лугаа хүндэлж ирсэн ийм л ухаан төгс, билиг яруу ард түмэн юм.
Сайн багшийг зөв шүтвэл сайн замаар саадгүй зорчино. Усны эх явж явж цастын ууланд тулдаг бол номын эх явж явж багшийн эрдэмд тулдаг ч хэмээдэг. Эх хүн үрийнхээ биеийг төрүүлэхээс, сэтгэлийг төрүүлдэггүй. Эхийн төрүүлж чадаагүй сэтгэл хэмээгч эрдмийг төрүүлж чадсанаар багш гэдэг хүн дээдийн дээд хүн хэмээн бас хүндэлдэг, биширдэг байж. Энэ мэт багшийг хүндэлж, биширч ирсэн уламжлал, ёс жаяг, үг сургаалиуд их байдаг. Иймийн учир багш хүн ч шавийнхаа итгэл шүтээн, бишрэл нь болох хэрэгтэйг өнөө цагийн багш нар ихэд тунгаах нь зүйн хэрэг юм.
Харин ном дор мөргөхүйн тухайд гэвэл эрдэмт багшийн туслах нь ном юм. Монголчууд хэзээнээс номоо есөн эрдэнэд бүтээж, торгонд өлгийдэн хадгалж ирсэн дэлхийд ховорхон түүхтэй ард түмэн. Өвөг дээдсийн бор авдарт, өнөө цагийн шүүгээнд ч айл гэрийн хойморт залардаг хүндтэн бол ном.