Өглөөний мэнд хүргэе. ![]()
![]()
: ![]()
![]()
Эрдэм мэдлэгийн охь ундарга Эрхэм хүндэт багш нар, билиг төгөлдөр Эцэг эхчүүд, ухаан сэргэлэн Хүүхэд багачууд, Оюутан залуучууддаа “ЭРДМИЙН БАЯР”-ын мэнд хүргэхийн хамт Та бүхнийг Өвөрхангай аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн “СОЁЛЫГ ТҮГЭЭЕ” төслийн “БИЛЭГ УХААНАА ХӨГЖҮҮЛЭХҮЙ” аянд тавтай морилно уу хэмээн хүндэтгэн урья.
Хүмүүн бид билиг ухаанаа хөгжүүлэхийн төлөө насан туршдаа суралцдаг жамтай. Билиг ухаан бол бидний ой той, бодол сэтгэлгээ, оюуны чадамж, эрдэм мэдлэг, арга ухааны цогц бөгөөд амьдралын минь залуур юм. Энэ залуур нугарахгүй, хугарахгүй, бат бөх байж гэмээ нь бид амьдралын их далайд сэтгэл амгалан, энх тунх жаргах учиртай. Ийн бодож бид билиг ухаанаа үргэлжид хөглөж, хөгжүүлж байхын тухай хамтдаа ярилцаж сарын турш мэдлэг түгээх нь ээ.
Монголчууд эртнээс хүнийг хүн болгон хүмүүжүүлэхийг эрхэмлэж, үр хүүхдүүддээ багшаа хүндлэх, эцэг өвгөдийн үг сургааль, үйл хэргийг ой тойнд нь ортол ухааруулах, залуусдаа ухааны тэнхээтэй байх, ухаан зарж амьдрах тухай сургаж ирсэн оюуны их өв соёлтой ард түмэн. Энэхүү өв уламжлалын талаар бид эхний 7 хоногт онцлох болно.
Эрдмийн их далайд ухаанаа уралдуулах нь нэг хэрэг харин амьдралын их далайд ухаанаа уралдуулах нь бүхнээс чухал юм. Монголчууд хэзээнээс л “Номын номноос хүний ном” хэмээж хүн байх ухааныг эрхэмлэж ирсэн. Өнөө цагт ч хувь хүний хандлага, зөөлөн ур чадварыг чухалчилж байна. Дэлхийн нийтийн чиг хандлага ч хүн төрөхөөс насан хутгийг олох хүртэл сурч боловсрох гэсэн насан туршийн боловсролын үзэл санааг баримталж байна.
Дэлхий ертөнц даяарчлагдаж мэдээллийн технологи, гадаад хэл гээд бидэнд өөрийгөө хөгжүүлэх, үр хүүхдээ хөгжүүлэх зайлшгүй шаардлага байгаа ч амьдралын боловсролыг эзэмшихгүйгээр бид дэлхийд хөл тавина гэдэг юу л бол. Оюуны хичнээн өндөр чадамжтай байлаа ч амьдралын багахаан бэрхшээлд сөхөрч унаад байвал бид хичнээн мэдлэгийн эдийн засаг, аж үйлдвэрийн хувьсгал яриад хол явахгүй.
Аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсгалын эрин үед ажиллаж амьдрах хүүхэд залуусыг дан ганц академик сургалтаар бэлтгэх ямар ч боломжгүй гэж дэлхийн эдийн засгийн форумын 2019 оны нийтлэлд дурьдагдсан байна. Тодруулбал, дэлхий нийтэд боловсролын хямрал нүүрлэсэн. Дэлхийн зарим улс орнууд “Хүүхдийг амьдралд бэлдээд байна уу , шалгалтанд бэлдээд байна уу” гэдэг асуултанд хариулт хайж эхэлсэн.
Иймийн тулд бид аяныхаа хүрээнд эрдэм номтой болохын тулд, хүн болохын тулд хэрхэн суралцах ёстойг хөндөх болно. Бидэнтэй хамт байж “БИЛЭГ УХААНАА ХӨГЖҮҮЛЭХҮЙ”-н тухай үнэтэй саналаа хуваалцаарай.
Та, Бид бүгд “СОЁЛ ТҮГЭЭГЧИД”