Өглөөний мэнд ![]()
![]()
: ![]()
AM
Үй олон уналт босолтын үр дүнд өнөөгийн ертөнц бүрэлдэн бүтэж нэг мэдэх нээ нэгэн түүх цаг хугацааны араас оюун санааны өөр түвшинд шинэ ертөнц бий болж бид нэгнээ мэдэхгүй түмэн олон хүн шиг атлаа нэгэн цагт нэг л матери. Би таныг харахдаа, танаас өөрийгөө олж харна. Магадгүй бид тасрах, үл тасрах мөнхийн хэлхээ холбооны илрэл байх. Тиймээс өнөөдөр Та бүхэндээ бодит байдал, уран төсөөллийн зуурмагаас бүтсэн Gen Z үеийн хүүхэд залуусын талаар өөрийн бодлоо хуваалцъя. Би ч бас энэ үеийн хүүхэд.
Цицероны үеэс л “Одоогийн хүүхдүүд өөр болжээ” гэх үгийг тэмдэглэсэн гэдэг. Мэдээж олон улс оронд хүмүүс өөрсдийн араас түрэн өндийж байгаа шинэ үеэ янз бүрээр үнэлж дүгнэх явдал олонтаа.
Ер нь яагаад салхи шиг турхирч, агаар шиг тэтгэж байгаа шинэ үеэ дэмжиж ойлгох ёстой вэ?
Хүн хувьсан өөрчлөгдөж буй дэлхийд тэсч үлдэхүйг сорих ур чадвар болон нийгмийн урсгалаар шинэчлэгдэж байгаа асуудлын өмнө заримантай хүчин мөхөсдөх нь тодорхой ч бэрхшээлийг даван туулахад сургадаг “өнгөрсөн, одоо, ирээдүй” гэх гурван цагийн алтан холбоонд хөгждөг гэж боддог. Гэхдээ өөрийнхөө үеэр, өөрийнхөө мэдлэгээр аливааг хэмжиж, хуучирч, цагаа өнгөрөөсөн аргачлалаар энэ цагийн хүүхэд залуусын асуудлыг шийдчихнэ гэх бодол нэг талдаа мугуйд үзэгдэл юм.
Бидний хувьд бага байхаасаа л “. . . хэн нэгнээс дутахгүй байх ёстой” гэсэн команд авсан цэрэг шиг хүмүүжиж байгаагаа нуух юун. Тиймдээ ч бид, хамгийн аз жаргалтай байх хүүхэд насаа аав ээж, багш сурган хүмүүжүүлэгч, ойр дотны хүмүүсдээ хүлээн зөвшөөрөгдөх гэж зарим үед эрсдэлтэй алхмуудыг хийх шаардлагатай болдог нь харамсалтай.
Энэ нь нэг талаараа тэмцэх чадвартай болгож буй мэт боловч нөгөө талаараа үргэлж харьцуулагдаж “Ийм л байх ёстой” гэсэн нийгмийн шаардлага нь биднийг “Цаг хугацаагаар хэмжигддэг нэгэн адил хэлбэр дүрстэй борлогддоггүй бүтээгдэхүүн” болгож байгаатай ижил учраас бид бүгд “Мундаг биш” байж болох уу?
Техник технологийн эрин үед “хүн хүнтэйгээ өрсөлдөх бус” “хүн техник технологитой өрсөлдөх” болсноор шинэ үеийн залуус бид өөрсдийн давуу тал онцлогоо хөгжүүлж, хэн нэгний хүсэл сонирхол, арьс өнгө, шашин шүтлэг, гадаад байдал, бэлгийн чиг хандлага зэргийг хүлээн зөвшөөрч дур сонирхолтой байгаа зүйлдээ цаг заваа зарцуулах болж сав баглаа боодлын эрин зууныг нэвтлэн гарч “агуулгад” анхаарлаа хандуулахыг илүүд үзэх болсон.
Томчууд “Хүүхэддээ цаг гаргая” гэж уриалдаг ч яагаад хүүхэдтэйгээ өнгөрүүлэх нандин цаг хугацаагаа өөрөө өөртөө гаргая гэж уриалж болдоггүй юм бол? Энэ бүхэн өмнө тань эрээлжлэх түмэн олон үзэгдэл дундаас өнгө будгыг нь арилгаад Танд харуулж буй бидний хүсэл.
Гэхдээ бид хүслээ гүйцэлдүүлэхийн тулд өөрсдөөс шалтгаалах үүрэг хариуцлагаа огоорч болохгүйгээ бас ойлгоод л байгаа. Найз минь чи өөрийгөө ойлгуулж илэрхийлэхийг хүсч байвал аав ээжтэйгээ ярилцаад үз, үр дүнгүй байвал талархлын захидал илгээгээд үзээрэй. Аав, ээж, багш нар маань зөвхөн бидний төлөө л хөдөлмөрлөж байгаа гэдгийг бид ухаарч ойлгох ёстой.
Эцэст нь дүгнэж хэлэхэд бид Boomer үе гэж сөрөг сэтгэгдлийг шүүмжилдэг. Гэхдээ дараагийн үеийн хүүхдүүд биднийг нөгөө л хайрцаглагдсан сэтгэхүйтэй Zoomer үе гэж хэлээсэй гэж би хүсэхгүй байна.
Анхааран уншсан Танд баярлалаа. Бидний үгийг сонссон аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн эгч нартаа баярлалаа. Дэлхийн дэвжээнд мөрөөдлөө сойсон Монгол хүүхэд бүрийн хүсэл мөрөөдөл биелэх болтугай.