“ЭРХЭМСЭГ ОРШИХУЙГ ТЭТГЭХҮЙ” Ц.БОЛДМАА

Хуваалцах
Жиргэх

🙋‍ Гэгээн өглөөний мэнд хүргэе.

✍️ Сайн байцгаана уу билиг оюун төгс эрхэм уншигчид минь. Өнөөдөр та бүхэнтэйгээ хатан ухаант бүсгүйчүүд маань үр хүүхдийнхээ боловсролд хэрхэн анхаарч, ямар үүрэг хариуцлагатай байх тухай санал солилцох гэсэн юм аа. Түрхэн саатаж мэргэн оюунаа чилээнэ биз ээ.
✍️“Халуун бүлийн хатан ухааныг залахуй” дор их олон зүйл хөөрөлдөх янзтай. Монголчууд ахуйн хүрээндээ гар, бие оролцох үйлийг үр хүүхдийнхээ бага гэлтгүй тусламжтайгаар хийдэг. Энэ нь амьдралд дагуулан дадуулж, үйлсийн бүтэмж, үр дүнг харуулж байдаг сайн талтай.
✍️ Орчин цагт бид боловсрол гэдгийг сургалт дамжаагаар, хэн нэгний сайн гэсэн бүхэнд, онцлог ялгааг үл харан хүүхдээ сургах гэсэн явцуу сэтгэлээр хандаж байгааг нуух юун. Өөрийн болон өрөөлийн үгээр хүүхдийнхээ боловсролыг таатай, тааруу гэсэн үнэлэмж өгөхдөө гэр бүлийн хүрээнд засах асуудлыг эхэнд тавьж ярилгүй, сургалтын чанар, багшийн сайн, муу хүүхдийнхээ залхуу, дулимаг гэдгээр дүгнэх нь элбэг харагдана.
✍️ Орчин үеийн хүүхдийн бүтээлч сэтгэлгээ, мэдээллийг боловсруулах, дүгнэх цэгнэх хурд их өндөр болсон. Тиймээс сайн сургалтаас ихийг сурна гэхээсээ илүү өөрийн хүсэж буй хүүхдийн дүр төрхийг бий болгоход аав ээж өөрөө үлгэрлэхээс эхлэнэ гэдгийг санууштай. Аав ээжүүд хүүхдээсээ шаардаж байгаа шаардлагадаа өөрөө тэнцдэг байх хэрэгтэй. Хүүхдээ шамдагч, хичээгч бай гэх хэр нь өөрсдөө залхуу байж болохгүй. Зоримог туйлбартай бай гэсэн хэрнээ өөрсдөө зорилгогүй зурагтны удирдлага барьж суваг солигч, ашиггүй утас ухагч байж болохгүй. Даруу төлөв байхыг зөвлөсөн хэр нь хоорондоо эв эегүй байх нь зохимжгүй. Тиймээс энэ бүхэнд эмэгтэйчүүд бидний хатан ухаан, намба ааль, эвийн гагнаас болсон эрхэм чанар машид хэрэгтэй.
✍️ Халуун бүлийн хамтын амьдралыг эхлэхээс өмнө эр эм хоёр энэ амьдралд бэлэн эсэх, хүүхэдтэй болоход түүнийг өсгөхөд хангалттай мэдлэг, сэтгэл зүйн бэлтгэл байгаа юу. Өөрийн зарим хорт зуршлаасаа салж чадах уу гээд хамгийн энгийн зүйлээс ургуулан заавал ярилцах нь чухал юм. Энэ нь цаашид гэр бүлийн дунд амлалт хариуцлага болдог учиртай. Хүний хувь тавилан янз янз тул зарим хүмүүс зөнгөөрөө яваад зовлонгүй амьдралыг туулах боловч зарим нэгэнд энэ зам их бартаатай байдаг үүний золиос нь хүүхэд болж үлдэх нь их.
✍️ Сүүлийн үед насанд хүрээгүй хүүхдээ гэр, байшин, хашаа шийдэж өгөөд үлдээх, аль эсвэл эмээ өвөө, ах дүүдээ орхиод хол явдаг, үүнийгээ үр хүүхдээ боловсролтой болгохын төлөө л энэ сонголтыг хийсэн гээд эрсдэлд оруулж буй эцэг эхчүүд олон болсон. Дараа нь өөрийн хүссэн хэмжээнд хүрээгүйд “ӨР НЭХДЭГ” чиний төлөө ингэж явахад чи ийм муу байлаа гэх мэт. Гэтэл таны л дэргэд, халуун бүл дотроо сэтгэл амар, үлгэрлэн сурч хөгжих боломж нь нээгддэг гэдгийг ойлгох хэрэгтэй. Та л түүнд хэрхэн биеэ зөв авч явахыг, хоол хүнсээ зөв сонгохыг, хүнтэй зөв харилцахыг, мэдээллийг авах, гээхийн ухаанаар ялгаж салгахыг, аливаад хэт автахгүй хэм хэмжээ сахихыг таниулан мэдүүлэх ёстой толь нь юм.
✍️МЗЭ шагналт Х.Болор-Эрдэнэ зохиолчийн 9-хөн настай охин, аав ээж, ах эгч, дүү, хайртай гэр бүлээсээ ганцаараа монголд үлдэж ганцаардлын хүнд хэцүүг туулсан тухай бодит амьдралаас сэдэвлэсэн “ГҮЙЖ ЯВАА ЭМЭГТЭЙ” бэсрэг романы уншигч сэтгэгдэл үлдээхдээ: Охин аав ээжтэйгээ байсан 9-хөн жилийн хугацаанд юунд авъяастай, юуг сонирхдог, амьдралд юу чухал, юу чухал бишийг ялгах ухааныг сурсан хүмүүжлээрээ аймгийн төвөөс алс Холливууд хүртэл “ГҮЙЖ” чаджээ. Харамсалтай нь өнөөгийн нийгэмд хүүхэдтэйгээ нэгэн дээвэр дор амьдардаг хэрнээ тэднээсээ дэндүү хол болчихсон гэр бүл олон байна гэж цохон тэмдэглэсэн байдаг.
✍️ Иймээс хүүхдийн хүмүүжил, боловсролд ээжүүд, эмэгтэйчүүд бид төгөлдөржин суралцаж эв зүйг олох эрдэмд суралцах ёстой аж. Та бүхэн ч бас санал нийлэх байх гэрийн хүмүүжил төлөвшил боловсрол гэдэг бол ээжүүд бидний хатан ухаан юм. Холын бодолтой түмний дотор төгөлдөр сайн байх замч хөтөч нь аавуудын минь хаан ухаан юм шүү дээ.

🎀 ТА Ч БАС СОЁЛ ТҮГЭЭГЧ САНАЛ БОДЛОО ТААТАЙ САЙХАН, ТАВТАЙ ТУХТАЙ СОЛИЛЦОНО УУ.
СОЁЛЫГ ТҮМЭНД ТҮҮЧЭЭЛЭН ТҮГЭЭЕ.