“ЭРХЭМСЭГ ОРШИХУЙГ ТЭТГЭХҮЙ” Б.БАЙГАЛЬМАА

Хуваалцах
Жиргэх

🙋‍ Өглөөний мэнд хүргэе ⏰07 : 00 AM

✍️ Өврийн сайхан хангай нутгийн ажилсаг бүсгүйчүүдийн санаачлан зохион байгуулж буй #Соёл_түгээх урт хугацааны эвенттэй хамтран ажиллах болсондоо баяртай байна. Айл гэрийн хатан ухааныг залан, үр хойчийнхоо хүн байхын нандин учгийг чимж, дэвжээж явдаг ээжүүдийнхээ мяндсан ухааныг магтахдаа таатай байна.
✍️Амьдралд маш олон талстууд байна. Ажил карьер, гэр бүл, хайр сэтгэл хосын харилцаа, хүүхдийн хүмүүжил, эрүүл мэнд, мөнгө санхүү, бизнес, сонирхол, өөрийгөө хөгжүүлэх, аялал зугаалга, амьдарч буй орчин гэх мэт олон талстуудаас бидний амьдрал үргэлжилдэг шүү дээ.. Эдгээрийг тэнцвэртэй авч явахын тулд биднээс мэргэн ухаан, тодорхой ур чадвар шаардах аж.
✍️ Харин энэ удаад та бидний үр хүүхэд гэр бүлтэй болох хань ижилтэйгээ сайхан аз жаргалтай амьдрах тал дээр багаас нь илэн далангүй ярилцаж, өөрсдөө үлгэр дууриалал болох тухайд саналаа хуваалцая.
Аав ээжүүд үр хүүхдийнхээ толь нь, тусгал нь байдаг тул байгаа байдлаараа сайн үлгэр дууриалал болох, хайр сэтгэлийн харилцаа нь нандин ялдам байж, гэр бүл тайван тогтуун аз жаргалаар дүүрэн байвал ирээдүйд таны үр хүүхэд аз жаргалтай амьдрах боломжтой. Охидууд аав шигээ нөхөртэй, хөвгүүд эжий шигээ гэргийтэй болно гэсэн хариултуудыг өсвөр үеийнхнээс олноор сонсож болно. Тэгэхээр хүүхдээ гэр бүлд бэлтгэх нандин жорыг айлаас биш авдраасаа авах нь байна шүү дээ.
✍️ Гэр бүлээрээ ярилцаж суухдаа ирээдүйд хүүхэддээ чухал гэсэн сэдвүүдээр жишээ нь мэргэжил сонголт, сонирхол хоббу, хань ижлээ хэрхэн зөв сонгох талаар илэн далангүй хүүрнэж, ухаалаг утас, хар тамхи, архи, тамхи, РС тоглоом зэрэг муу зуршлуудаас хол хөндий байх талаар зөвлөж, урьдчилан анхааруулж байх нь чухал. Үүний үр дүнд хүүхэд дуртай зүйлдээ анхаарч, спорт, урлагийг сонгон хичээллэх, дуртай зүйлдээ цагаа зориулах, номонд дурлах, өөрийгөө сайн таньж мэдсэн, ажил мэргэжилтэй болж үүрэг хариуцлага хүлээхэд бэлэн болсоны дараа л гэр бүл зохиох нь зүйтэй гэх мэт ойлголтуудыг эцэг эхчүүдээсээ авна.
✍️Удмыг_нь_харж_гэрлээрэй гэдэг үг маш их утга учиртай гэж би боддог. Удам сайтын унага жороо, эх нь хээр алаг бол унага нь шийр алаг гээд эртнээс эцэг эхийн, удмын чухалыг өгүүлсэн байдаг. Харин хөрөнгийг нь, албан тушаалыг нь харж гэрлээрэй гэдэг таагүй үг охиноо, хүүгээ хорлож байгаа бөгөөд хайр, аз жаргалыг худалдан авч өгөх гэсэн утгагүй үйлдэл юм.
✍️ Хүний удам бол маш хүчтэй. Удмаас ирсэн хүчээ авсан хүний ажил үйлс сайн бүтэж, өөрийнхөө амьдралын зорилгоо хэрэгжүүлэх давуу талаа маш сайн мэддэг дотоод хүч ихтэй хүмүүсийн тухай, удмын хүч зарим хүнд хаалттай байх тухай хүмүүс бид ярилцдаг. Эцэг, эхээрээ дамжуулан удмынхаа сайн, муу зүйлийг хүсээд заримдаа өөрөө ч хүсэхгүйгээр ч авдаг. Удмаасаа авсан зүйлээ цааш нь үр хүүхдэдээ бид дамжуулдаг.
✍️ Эртнээс монголчууд үр хүүхдийнхээ хүмүүжил төлөвшилд гойд анхаарч, ажилсаг шаавай, алиа хошин, эв түнжиг, шударга үнэнийг биеэр үлгэрлэн дадуулж ирсэн гайхалтай өв соёлтой. Эмэгтэйчүүд бид л тэр соёлыг түгээх чадвартай бас үүрэгтэй. Миний ажилдаа ашигладаг олон аргуудын нэг нь хүний сэтгэц болон сэтгэл хөдлөлд нөлөөлөх зорилготой урлагийн тусламжтайгаар сэтгэл заслын арга буюу Арт-терапи юм.
✍️ Гэр бүлийн хувьд хувь хүний үнэ цэнийн тухай мөн чухал сэдэв байдаг. Өөрийгөө хайрлах өөрөө үнэ цэнэтэй байхын тулд өөрийгөө хөгжүүлэх хэрэгцээ шаардлага их байдаг. Хүн бүтээлч үйл ажиллагааныхаа явцад өөрийгөө илэрхийлэх, дотоод мэдрэмжээ таньж мэдэх боломжийг олж авдаг юм. Хосуудын хувьд жаргах гэж гэрлэдэг. Хэрвээ, аз жаргалтай амьдрахыг хүсвэл эхнэр нөхрийгөө ойлгох, хүндэтгэх, ханьдаа ямар хэрэгцээ буйг илрүүлж, тухайн хэрэгцээн дээр төвлөрөх хэрэгтэй. Хайрын хэл буюу өөрөө аз жаргалтай амьдралыг хүссэн бол хамтрагчаа аз жаргалтай болгох хэрэгтэй гэдгийг хосуудад дасгал техникээр ойлгуулдаг. Дасгал техник хийх явцад гэр бүлийн хүн чинь ийм зүйл хүсдэг, хэрэгцээ шаардлага нь юу байсныг мэддэг. Үүнийг мэдсэний дараа хамгийн эхний энгийн алхмуудыг хийлгэх зорилготойгоор ажилладаг тухайгаа давхар хуваалцаж байна.
✍️ Дараагийн дугаараар эргэн уулзахдаа баяртай байх болно. Соёл түгээх ажлыг эрхлэн зохион байгуулагчиддаа амжилтыг хүсэн ерөөе.