🙋 Эрхэмсэг бүсгүйчүүдийнхээ гэгээн тунгалаг өглөөний мэндийг дэвшүүлье.
Өнөөдөр та бүхэнтэйгээ улс орны эдийн засгийн дийлэнх ачааг нуруун дээрээ үүрч авч явдаг мал аж ахуй эрхлэгч, малчин эмэгтэйчүүдийн манлайллын талаар онцолмоор санагдлаа.
Манай аймаг 16 мянга гаруй малчин өрхтэй, нийт малчдын 42,1 хувийг эмэгтэйчүүд маань эзэлж байгаа статистик тоо байна. Эдгээр эмэгтэйчүүдийн маань мал сүргээ уламжлалт аргаар маллах, малыг хайрлах, эв дүй гаргаж адгуулах, сааль сүүгээ уламжлалт аргаар боловсруулах гээд өвгөдөөс уламжилж ирсэн нүүдэлч хэмээх түүх, өв соёлоо хадгалан өсвөр, залуу үеийнхэнд өвлүүлэн яваа манлайлал нь монгол малчин эмэгтэйчүүдийн эрхэм бахархал, орон нутгийн минь үнэт дархлаа юм.
Манай аймагт 2017 оны 10 дугаар сард “Малчин эмэгтэйчүүдийн хөгжлийн төлөөх нийгэмлэг” ТББ үүсэн байгуулагдан малчин эмэгтэйчүүдийн чуулганыг зохион байгуулж тэдний өмнө тулгамдаж буй нийтлэг асуудлуудыг судлан тодорхойлж, гарц шийдлийн талаарх санал дүгнэлтийг сум, аймаг, үндэсний хэмжээний бодлогын шийдвэрт тусгах нөлөөллийн үйл ажиллагааг олон талт хэлбэрээр зохион байгуулж, малчин эмэгтэйчүүд, тэднээр дамжуулан малчин өрхийн гэр бүлийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн төрөл бүрийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, манлайлагч малчин эмэгтэйг бэлтгэх, чадавхижуулахад чиглэсэн арга хэмжээг үе шаттайгаар зохион байгуулах, малчин эмэгтэйчүүдийн мэдлэг, ур чадвар, арга туршлагыг олон нийтэд алдаршуулахад чиглэсэн олон нийтийн арга хэмжээг төлөвлөн ажиллаж байна.
Хүүхэд, залуусыг малд дуртай болгох, нүүдлийн соёл иргэншлээ хэвээр авч үлдэх, мал маллагаа, сүү цагаан идээ боловсруулах арга ажиллагааг залуу үед сургах, нүүдэлчин соёл уламжлалаа өвлүүлж үлдээх арга хэмжээг илүү ихээр зохион байгуулахад эмэгтэйчүүдийн маань оролцоо, манлайлал чухал байна.
Мөн төр засгийн бодлого, үйл ажиллагаанд хөдөө орон нутагт эмч нарыг тогтвор суурьшилтай ажиллуулах, малчдын хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр анхаарч ажиллах, сүү, цагаан идээ худалдаалах борлуулалтын сүлжээг бий болгох, эрүүл мэндийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах зэрэг асуудлыг тусгаж, дэлхийд гайхагдах нүүдэлчин өв соёлоо уламжлуулж яваа малчин эмэгтэйчүүдийн үнэ цэнийг өндөрт өргөх хэрэгтэй. Та бүхэн малчин эмэгтэйчүүдийнхээ талаар бодол, сэтгэгдэлээ хуваалцаарай.
Та бид соёл түгээгч