Өглөөний мэнд
0️8 : 00 AM
Өнөөдөр би Та бүхэнд сэтгэл хөдлөл гэж яг юу болох, түүнийг хэрхэн хянах, сөрөг сэтгэл хөдлөлөө яаж даван туулах тухай товч мэдээлэл хүргэе.
Онолын хувьд сэтгэл хөдлөл гэдэг нь тухайн хүний хүрээлэн буй орчинд үзүүлэх хариу үйлдэл юм. Хүмүүс эргэн тойрон дахь үйл явдалд оролцохыг хүсэх, эсвэл хүсэхгүй байгаагаа үгээр, биеийн хэлэмжээрээ илэрхийлдэг.
Сэтгэл хөдлөлийн төрлүүд нь баяр баясгалан, уйтгар гуниг, айдас, уур уцаар гэсэн дөрвөн үндсэн зүйлд буудаг гэдэг ба сэтгэл хөдлөлийн хувьд хүн 3 төрлөөр биедээ хариу урвал үзүүлдэг.
1. Өөрийн дотоод мэдрэмжээ танин мэдээд түүнийгээ ӨӨРЧИЛЖ чаддаг хүмүүс.
2. Танин мэддэг боловч өөрчилж ЧАДДАГГҮЙ хүмүүс
3. Огт танин мэдэж чаддаггүй учир аливаа ОРОЛДЛОГО хийдэггүй хүмүүс
Иймд Та өөрийн дотоод мэдрэмжээ танин мэдээд түүнийгээ ӨӨРЧИЛЖ чаддаг байх ёстой. Ингэхийн тулд мэдээж хамгийн түрүүнд сэтгэл хөдлөлөө тэнцвэртэй байлгах, ялангуяа сөрөг сэтгэл хөдлөлөө даван туулах чадваруудад суралцах ёстой. Ингэхийн тулд
Өөртөө болон бусдад үүсэж байгаа сэтгэл хөдлөлүүдийг танин мэдэх чадвартай байх
Сэтгэл хөдлөлд зохистой хариу өгөх чадвартай байх
Сэтгэл хөдлөлийн улмаас үүсэх өөрийн үйлдлийг хариуцаж буюу жолоодож чадах чадвартай байх.
Сэтгэлийн хөдөлгөөн өөрчлөгдөхөд хүмүүст нийтлэгээр сэтгэл хөөрлийн , сэтгэл гутралын , сэтгэлгүйдлийн зэрэг хам шинжүүд илэрдэг. Тухайлбал сэтгэл хөөрлийн хам шинж илрэх үед сэтгэлийн хөдөлгөөн өөдрөг болох, хөөрөх, сэтгэхүйн үйл ажиллагаа түргэсэх, үйлдэл хөдөлгөөн түргэсэх, хурдсах шинжүүд илэрдэг. Үүнийг даган бие махбодид ч өөрчлөлт ордог. Зарим хүмүүс хэт сэтгэл хөөрлөөс болж зүрх нь дэлсэх, цусны даралт нь ихсэх зэрэг сөрөг нөлөөллүүд биед ажиглагдаж мэдрэгддэг.
Иймд сэтгэл хөдлөлөө жолоодохын тулд Та сэтгэл хөдлөлөө удирдах аргуудаас өөрт тохирохыг сонгож хийдэг байх хэрэгтэйг сэтгэл зүйчид зөвлөдөг. Миний хувьд энэ удаад Танд иогын дасгалд ордог “Баласана – Хүүхдийн байрлал” дасгалыг санал болгож байна.
Энэхүү дасгал нь сэтгэл санаа тогтворгүй, элдэв бодол эргэлдсэн үед хамгийн сайн нөлөө үзүүлж тайвшруулдаг. Хийхэд ч хялбар бас биед их тааламжтай мэдрэмж өгдөг. Өвдгөөрөө сөгдөж суугаад цээжээ өвдөг рүүгээ доошлуулна, толгойгоо аль болох шаланд хүргээрэй. Гараа их биеийн дагуу байрлуулна. Биеэ суллан гүнзгий амьсгална. Та заавал хийж үзээрэй.
Мөн нүдний булчингийн алжаал тайлах дасгал ачаалалтай ажилласан үед бас их ач холбогдолтой байдаг. Удаан гүн амьсгалаад 2 хөмсөгнийхөө гол хэсэг рүү нүдээ чиглүүлээрэй. Яг ийм байдалтай хэдэн секундын турш харцаа тогтоогоорой. Удаан амьсгалаад, нүдээ хуучин хэвэнд нь оруулаад хэсэг аниарай. Яваандаа хоёроос гурван 7 хоногийн дараа дасгал хийх хугацаагаа уртасгаж болно.
Сэтгэл хөдлөлөө удиридахад бас нэг хэрэгтэй дасгал бол амьсгалын дасгал байдаг. Энэ мэт стресс тайлах олон дасгал, аргуудыг судалж үзээрэй.
Хайртай бүхнээ хамгаалан сэтгэл зүйн дархлаагаа дэмжиж ХАРИУЦЛАГАТАЙ БАЙЦГААЯ.